top banner

Хөрөнгийн бирж шинэчилсэн журмуудаа танилцуулжээ


2018-02-20 15:08:43
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж зах зээлийн мэргэжилтнүүдэд  “Арилжааны журам”-ын нэмэлт, өөрчлөлт, “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам” болон “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулсан байна.

Сургалтаар "Арилжааны журам"-д нэмэлтээр орсон арилжааны хаалтын ханшийг сүүлийн нэг цагийн дунджаар тогтоох, багцын арилжааны ханш дээд хязгааргүй байх, үнэт цаасны захиалгын бусдад харагдах тоо ширхгийг тогтоох функц, Бүхэлд нь даруй биелэгдэх эсвэл цуцлагдах захиалга /Fill or Кill/ болон  “Минимумаас их дүнгээр биелэгдэх захиалга” /MinFill - худалдах, худалдан авах хамгийн бага тоо хэмжээг зааж өгөх бөгөөд заасан хэмжээнээс бага хэмжээгээр биелэгдэхгүй байх нөхцөлтэй захиалга/ зэрэг шинэ төрлийн захиалгын тодотголуудыг идэвхжүүлсэн зэрэг өөрчлөлтүүдийг танилцуулжээ.

Түүнчлэн, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусгасан үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалт, үнэт цаас гаргагч уул уурхайн компаниудад тавигдах  шалгуур, шаардлагын шинэчлэлт, бүртгэлийн хураамжийн тооцооллыг зах зээлийн нийт үнэлгээнээс тооцохоор болсон тухай болон компанийн сайн засаглалыг дэмжих үүднээс нэгдүгээр ангиллын компаниудын үнэт цаас бүртгүүлэх бүртгэлийн хураамж болон жилийн хураамжид хөнгөлөлт үзүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаатай компаниудын бүртгэлийн хураамжийг хөнгөлөх болсон талаар мэдээлэл өгсөн байна.

 Дашрамд дурдахад “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам“-д индексийн тооцооллыг нарийвчилсан зохицуулалт, үнэт цаасны I, II ангиллын индексүүдийг тооцож эхлэхээр болсон  юм.

Монгол брэнд