Шивээ-Овоогийн уурхайг онцгой анхаарч ажиллана гэв

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-02-20 15:33:22
Дорноговь /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон албаны төлөөлөгчид Говьсүмбэр аймгийн  Шивээ говь сумын нутагт буй төрийн өмчит “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
Улсын болон төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан дулааны 70 гаруй хувийг хангадаг нийт 582 ажилтантай тус компанийн үйл ажиллагаа хүндхэн байгаа аж. Одоогоос 28 жилийн тэртээ ашиглалтад оруулж байсан  компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь хугацаа дуусч актлагдах болсон төдийгүй цаашид үйл ажиллагаа  нь зогсож болзошгүй болжээ.
Мөн санхүүгийн хүндрэлээс болж авто техникийн болон бусад тоног төхөөрөмжийг засварлах, шаардлагатай сэлбэг материалыг авах ажил удааширсан нь төлөвлөсөн хөрс хуулалтын ажил тасалдахад нөлөөлжээ. Одоогоор тус компани 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй аж.
Тиймээс компанийн удирдлагууд салбарын сайддаа хандаж техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэх хөрөнгө болон хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл төрөөс нүүрсний үнэд татаас олгуулах  асуудлыг тавив.
Хариуд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,  “Төр өмчдөө эзэн байх ёстой. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчилж, аюулгүй ажиллагааг хангахад онцгой анхаарч ажиллана” гэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ