top banner

Пёнчан хотноо Монгол, Японы олимпийн хорооны төлөөлөгчид албан ёсоор уулзав


2018-02-21 06:09:59
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан 2018” олимпийн наадамд оролцож байгаа Монголын шигшээ багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Японы Олимпийн хороо /ЯОХ/-ны төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийлээ.

 

ЯОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ц.Такеда болон ЯОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн К.Мурацу нар манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ энэ үеэр Японы талтай урт хугацааны турш найрсаг харилцаатай байж, зөвхөн спорт гэлтгүй нийгмийн олон талт асуудлаар хамтран ажилладагт баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Япон улстай хамтарсан бэлтгэл хийж, тэднээс суралцаж байснаа эргэн дурссан байна.


МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Пёнчаны олимпод амжилттай оролцож эхний алтан медалиа хүртсэн Японы багт баяр хүргэхийн ялдамд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй Sport For Tomorrow, Jenesys хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

ЯОХ-ны ерөнхийлөгч Ц.Такеда Монгол улсын шигшээ багт баяр хүргэн, “Токио 2020” наадмын бэлтгэл ажлын хүрээнд манай шигшээ багт бүх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
 

Д.Өлзий


Монгол брэнд