top banner

Монголын хөлбөмбөгчид “Үндэсний шигшээ багийн өдөр”-тэй болжээ


2018-02-21 06:28:01
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, охидын шигшээ багийн тамирчид өчигдөр МХБХ-ны байранд цуглаж “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэв.

МХБХ нь 2022 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнийг амжилттай давах зорилготой бөгөөд өнгөрсөн 20 шахам жилд олон түүхэн үйл явдлуудыг бүтээсэн байна.
Тухайлбал, 17 жилийн өмнө 2001 оны хоёрдугаар сарын 19-нд ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож байсан Монголын шигшээ баг Бангладешийн багтай 2:2-оор тэнцэн шигшээ багийн түүхэн дэх олон улсын тэмцээний анхны албан ёсны оноог авч байв.

МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөл хоёрдугаар сарын 14-ий хурлаараа жил бүрийн хоёрдугаар сарын 19-ний өдрийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Анх 1956 онд байгуулагдсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 1998 онд ОУХБХ-нд бүртэгдсэнээс хойш олон улсын албан ёсны тэмцээн уралдаануудад оролцох болсон.
Улмаар манай шигшээ 2001 онд анхны албан ёсны оноог авсан. Харин анхны ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний анхны хожлоо 2011 оны зургадугаар сарын 29-нд Мьянмарыг 1:0-ээр хожиж авч байсан түүхтэй.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Үндэсний шигшээ багийн өдөр”-т хүрэлцэн ирсэн үе үеийн шигшээ багийнханд хандан “2015 онд дэлхийн чансааны сүүлд бичигдэж байсан шигшээ багийн чансаа урагшилсан ч үүнээс илүү амжилт гаргах нь чухал. Монголын хөлбөмбөгийн есөн насны шигшээ баг, оролцож буй тэмцээн уралдаанууд, амжилт бүгд түүх болон үлдэнэ. Тиймээс шигшээ багийн өдөр байх нь зүйтэй” хэмээлээ.

Дашрамд дурдахад, үндэсний шигшээ баг гуравдугаар сард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Майлайз болон Мавритусын багийн шигшээ багуудтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх юм.

 

Д.Өлзий


Монгол брэнд