top banner

Газрын гүнээс ундарсан ус мөсөн уул болон тогтжээ


2018-02-21 11:28:35
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байдаг Сайн ус буюу газрын гүнээс  байнга ундардаг  цэвэр усны ундарга  энэ жил өвлийн хүйтэнд томоохон мөсөн овоо болон тогтжээ.
Энд  оросууд олон жилийн өмнө өрөмдлөг хийж байсан бөгөөд гүний цэвэр ус оргилж эхэлсэн цаг үеэс хойш  өвөл зунгүй оргилж, мал хүн зонг ундаалж байгаа юм. Энэ усыг хүмүүс азийн цэвэр усны төв, говийн бүс нутгийн цэвэр усны төв гэх зэргээр олон янзаар ярьдаг.
Учир нь Сайн-Усны орчим Бор хөөврийн говь хэмээх газарт цэнгэг усны асар их нөөц тогтоогдсон байдаг бөгөөд усны нөөц, байршил, дэд бүтцийг түшиглэж Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдвэр гаргажээ.
Эдүгээ Сайн-Ус нь Дорноговийн иргэд, хүүхэд залуус олноор цуглардаг, мөсөн талбайд тэшүүрээр гулгаж, цэвэр агаарт тоглон наадаж, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар боллоо.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд