top banner

Германы тамирчид илүү амжилт гаргахын тулд шар айраг ууж байна


2018-02-22 14:39:05
Зураг
ПЁНЧАН. /Korea Times/. Тамирчид бэлтгэл  сургуулилт хийснийхээ дараа голдуу цангаагаа тайлах зорилгоор шингэн юм уудаг бол “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцож буй Германы тамирчид гүйцэтгэлээ сайжруулах, илүү түргэн сэргэх, эрч хүч авах зорилгоор шар айраг ууцгааж байна гэж “Korea Times” сонин мэдээллээ.

Германы шар айраг үйлдвэрлэгч “Krombacher” компани Пёнчаны олимпод оролцож буй тамирчдадаа 3500 литр шар айраг нийлүүлсэн гэнэ.

Тус улсын спортын эмч Йоханнес Шерр ярихдаа “Манай тамирчдын олонхи нь бэлтгэл сургуулилт хийснийхээ дараа, тэмцээнд оролцохынхоо өмнө эрч хүч авах зорилгоор спиртний агууламжгүй шар айраг уудаг” гэжээ.

Түүний ярьснаар, спиртний агууламжгүй шар айраг нь янз бүрийн үрэвсэл болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, илүү түргэн сэргэж, илүү сайн амжилт үзүүлэх эрч хүчийг тамирчдад өгдөг болох нь 2009 онд Мюнхен хотод марафон гүйлтийн тамирчдын дунд явуулсан судалгаагаар  тогтоогджээ.

Герман улс нь “Пёнчан-2018” олимпод медалийн тоо болон чанараараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Тус улс одоогоор 23 медаль, түүний дотор 12 алтан медаль хүртээд байна.
Г.Доржханд


Монгол брэнд