top banner

Өвлийн улиралд ургийн эндэгдэл 3.5 дахин их байна


2018-02-22 14:54:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдол бага насны хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), НҮБ-ын Хүүхдийн сан хамтран боловсруулсан “Агаарын бохирдол-Аюулын харанга” судалгаа хийжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн сарын 30-нд хамгийн дээд цэгтээ буюу ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 133 дахин хэмжээнд хүрчээ. Энэ өдөр Улаанбаатар хотын төв Баруун 4 замын орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5-ын хэмжээ 3320 шоо дөрвөлжин метрт хүрсэн байна. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэн идээдүйд Монгол Улсын хөгжил, аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөөлөл үүсэх магадлалтай гэдгийг тус судалгааны тайланд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлд Монгол Улсын нийт хүүхдийн 50 хувь нь амьдарч байна. Одоо агаарын бохирдолд өртөж буй хүүхдүүдэд 20-30 жилийн дараа аливаа өвчлөлд өртөмтгий байхаас эхлээд бусад сөрөг нөлөөлөл гарах магадлалтай хэмээн үзэж буйг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тайлангийн танилцуулгын үеэр онцолсон юм.
Агаарын бохирдлоос үүдэн амьгүй болон дутуу төрөлт нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд  хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин түгээмэл болоод буй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг эрчимтэй бууруулахгүй бол хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эмчлэх зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагууд жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах төлөвтэй байгааг мөн тайланд дурдсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй ихтэй дүүргүүдэд оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг мөн судалгаагаар тогтоожээ. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд эхийн хэвлийд бий болсон цагаас нь эхлэн сөргөөр нөлөөлдөг. Монголд ургийн эндэгдэл өвлийн улиралд зуныхаас 3.5 дахин их байгаа бөгөөд уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж байна.
Тиймээс НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдлыг бүрэн арилгах хүртэл хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх хэд хэдэн зөвлөмж боловсруулан Засгийн газарт хүргэж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатарт шинээр төрсөн хүүхдүүдэд пневмококкийн вакцин хийх, сайн чанарын амны хаалт хэрэглэж занших зөвлөмжийг иргэдэд хүргэх, агаарын бохирдол хамгийн өндөртэй хорооллуудын эмзэг бүлгийн иргэдэд амны хаалтыг үнэ төлбөргүй тараах зэргийг зөвлөмжид тусгасан байна.

Энэ үеэр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал, “2017-2025 он хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол эрүүл мэндийн байгууллага 24.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ гэсэн судалгаа бий. Харин бид агаарын бохирдлыг бүрэн арилгаснаар амьсгалын замын өвчний улмаас 2017-2025 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоог 1.2 саяар бууруулах боломжтой гэсэн тооцоолол хийсэн. Бид нэн түрүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг агаарын бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Гэр болон сургууль, цэцэрлэгийн дотоод орчныг сайжруулахаас эхлээд агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд иргэдийг мэдлэгийг дээшлүүлэх ёстой” гэлээ.

Монгол Улсын гадаад өр ДНБ-ийнхээ 70 хувьд хүрсэн энэ үед агаарын бохирдолтой тэмцэх тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамгаалахад ЭМЯ-ны төсөв хөрөнгө дутагдаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дурдлаа. Тэрбээр, “Төсөв хөрөнгө хэцүү байгаа ч Засгийн газар, ЭМЯ агаарын бохирдлыг бууруулахад тэргүүлэх, манлайлах үүрэгтэй оролцох ёстой гэдгээ гүнээ ухамсарлаж байна. 20 гаруй жилийн турш хуримтлагдсан агаарын бохирдлыг бид урт хугацааны төлөвлөгөө, шат дараалсан арга хэмжээний үр дүнд арилгана.  Бидэнд тусламжийн гараа сунган, Монголын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлчсэд хүчин чармайлт гаргаж буй түнш орнууд, олон улсын байгууллагууддаа баярлалаа. Бид та бүхэнтэйгээ нягт хамтран ажиллах болно” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд