top banner

С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгох хэрэгтэй гэв


2018-02-23 16:25:02
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн захиалагчаас бусдыг илрүүлсэн хэмээн улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих шийдвэр гаргасан.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: "Хилсээр хэрэг үүрсэн хүүгийнхээ төлөө явж буй эх хүн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурлууд болж өнгөрсөн. Хурал өнгөрөөд хэдэн сар болж байна. Жинхэнэ алуурчныг нь нуун дарагдуулж, энгийн номхон иргэдэд ял хүлээлгэж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн энэ эмгэнэлт жүжгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Энэ хэргийг зохион байгуулагчид нь тагнуул, шүүх, прокурорын байгууллагын удирдлагууд. Сүүлийн үед ард түмний тархийг угаах арга нь улам нарийсч хуйвалдааны журмаар өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг хараад тэвчихийн аргагүй болоод хурал зохион байгуулж байна.


Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. Миний хүү шоронд амь насаа алдвал би байцаагч Бямбажав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Ж.Сандагсүрэн нараас хүүгийнхээ амийг нэхнэ. Надад өөр арга алга. Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан" гэв.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: “Гурван шатны шүүх хурлаар энэ хүмүүсийг бүгдийг нь яллаад шоронд хорьж байгаа. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлд энэ хэргийн талаар мэдээлэл цацаж эхэллээ.



Хэрэгтэн гээд таслаад шоронд хийчихээд одоо юундаа айгаад сандраад хойноос нь элдэв ярилцлага, нэвтрүүлэг өгөөд байгаа юм бэ. Г.Эрдэнэбат гэж хүн энэ сарын 21-нд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, “Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар бүлэглэн айлын гэр шатааж, дөрвөн хүний аминд хүрсэн гэж ялласан. Цахилгааны утаснаас гал гараагүй, шинжилгээгээр цахилгааны утас нь гэрийнх нь гадна хэдэн метрийн цаана нэлээд хол тасарчихсан байсан” гэсэн утгатай зүйл ярьсан байна. Гэтэл энэ хэрэг гарч байх үед Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын дүгнэлт надад байна. Энэ дүгнэлтэд тухайн гал цахилгааны ашиглалтын буруугаас болж гарсан гэсэн. Түүнээс биш цахилгааны утас тасарсан байсан энэ тэр гэсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр Г.Эрдэнэбат гэж хүн Эрдэнэтийн онцгой байдлын газраас гаргасан галын дүгнэлтийг үгүйсгэж ярьсан байна. Энэ хүнд ингэж ярих эрх байхгүй. Галын мэргэжлээр мэргэшээд ахмад цол автлаа ажилласан онцгойгийн ахмад Б.Хашчулуун гэж хүний гаргасан дүгнэлтийг хэн нэгэн хөндлөнгийн прокурор буруу байна гэж ярих эрхгүй.

Хоёрдугаар сарын 12-нд МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт Г.Эрдэнэбат прокурорын ярианы цаад санаа нь энэ хүмүүс шийдчихсэн алуурчид гэсэн мессеж өгөхийг зорилоо гэж харж байна.

Тус нэвтрүүлэг “Үзэгч таны бодлоор энэ хэргийн захиалагч хэн бэ?” гэсэн асуултаар дуусч байгаа юм. Хэргийн захиалагчийг үзэгчид шүүхгүй. Тагнуул, шүүх, прокурор, мөрдөн байцаах ажиллагаагаараа олох ёстой. Энэ бүх зүйл болохгүй байна гэдгийг  л бид ярьж байна.  Миний дүү хүн алаагүй гэж би хэзээ ч ярьж байгаагүй. Ердөө л бүх баримтаа ил болгочих, энэ хэргийг ил болго гэсэн зүйл ярьж байгаа. Цаашдаа ч ярих болно. Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байрны гадаа сууж байсан хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулсан.С.Зориг агсныг нас барсны дараа Булган гэдэг хүн ам зураг гаргаж өгсөн байдаг. Эрэгтэй нь намхан эмэгтэй нь өндөр гэсэн. Гэтэл манай дүү Чимгээ Содномдаржаагаас намхан. Прокурорынхны ярьж байгаагаар Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг нэг нутаг усныхан, найзууд гэсэн байгаа юм. Нэг нутаг ус гэдэг нь үнэн. Гэхдээ Амгаланбаатар, Содномдаржаа нар найман насны зөрүүтэй.Мөн дээрх  прокурорынхны хийсэн нэвтрүүлэгт  1998 онд татгалзахын аргагүй санал тавьсан учир Амгаланбаатар  их мөнгөтэй бийлэгжүү явдаг болсон. Захиалагчтай уулзаж мөнгө авсан гэдэг утгатай зүйл ярьсан. Тэгвэл Амгаланбаатар захиалагчийг мэддэг  болох нь  байна шүү дээ. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг ил болгох хэрэгтэй" гэлээ.

О.Мөнхжаргал

Монгол брэнд