top banner

АНУ Умард Солонгосын эсрэг "хамгийн том" хориг арга хэмжээ авч буйгаа зарлав


2018-02-24 09:28:35
Зураг
ВАШИНГТОН. /АП/. Умард Солонгосын эсрэг “хамгийн том” хориг арга хэмжээг авч буйгаа АНУ зарлажээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин баасан гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн байна.

Умард Солонгост тусалдаг хөлөг онгоц, тээвэрлэлт болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 56 компани, тэдгээрийн дотор Хятад, Тайвань болон Сингапурт төвтэй тээвэрлэлтийн компаниуд, Панам болон Танзанид бүртгэлтэй хөлөг онгоцны оператор компаниуд энэ хориг арга хэмжээнд өртжээ.

Пхеньяны эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг зөрчин далай тэнгист Умард Солонгосын хөлөг онгоцуудтай нүүрс болон газрын тосыг солилцож байна гэх үндэслэлээр эдгээр компанийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаа аж.

С.Мнучин хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд тусалсан ямар ч компанийг АНУ-ын бизнес эрхлэгчтэй хамтран ажиллахыг хориглоно” гэсэн байна.

Мөн өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хориг арга хэмжээтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын эсрэг "хамгийн том" хориг арга хэмжээг авч байна. Энэ хориг үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.
 
Г.Доржханд


Монгол брэнд