top banner

АНУ Израиль дахь ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх товыг наашлуулав


2018-02-24 09:49:10
Зураг
ВАШИНГТОН. /Ройтерс/. Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа энэ оны тавдугаар сард Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэхээр болсноо АНУ мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Төрийн департаментаас баасан гарагт гаргасан мэдэгдэлд “Израиль улс үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ЭСЯ-ыг Иерусалим руу шилжүүлэх товыг энэ оны тавдугаар сард болгож наашлууллаа” гэжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Израильд айлчлах үеэрээ “2019 оны эцэс гэхэд Тель-Авив дахь ЭСЯ-ыг Иерусалим руу шилжүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм.

Ажиглагчдын хэлснээр, АНУ-ын энэ үйлдлийг палестинчууд эрс эсэргүүцэж, олон улсын улсын хамтын нийгэмлэг шүүмжлэх нь тодорхой.

Палестинчууд ирээдүйн төрт улсынхаа “нийслэл”-ийг гэж үздэг Иерусалим хотыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны сүүлчээр “Израилийн нийслэл"-ээр зарлаж, Израиль дахь ЭСЯ-аа тус хот руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Үүний улмаас палестинчууд болон Израилийн аюулаас хамгаалах хүчнийхэн удаа дараалан мөргөлдсөн билээ.

Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилийн Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. Иерусалимын асуудлаархи Израилийн байр суурийг олон улс ч дэмждэггүй юм.
 

Г.Доржханд


Монгол брэнд