top banner

ОХУ алтны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт орж байна


2018-02-27 16:45:16
Зураг
Москва /RT/. ОХУ банкин дахь алтны нөөцөөрөө Хятадыг ардаа орхиж, дэлхийд тавдугаарт жагссан тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын гадаад дахь банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алтны хэмжээ нь энэ оны нэгдүгээр сард 1857 тоннд хүрснээр, 1843 тонн хэмээн албан ёсоор зарласан БНХАУ-ын үзүүлэлтийг давсан ажээ.

Орос улс 2015 оны гуравдугаар сараас хойш алтныхаа нөөцийг сар тутам ахиулж байсан бол БНХАУ-ын хувьд 2016 оны аравдугаар сард хамгийн сүүлд алт худалдан авсан байгааг тэмдэглэжээ.
 
Одоогийн байдлаар дэлхийн томоохон алтны нөөц эзэмшигчдийг АНУ 8134 тонны нөөцтэйгөөр тэргүүлж байгаа аж. Удаах байрт Герман 3374 тонн, гуравдугаар байрт Итали 2452 тонн, харин Франц 2436 тонны нөөцтэйгөөр дөрөвдүгээр байрт жагсаж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Төв банк болон БНХАУ-ын Үндэсний банк бирж дээр алт арилжаалахад хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан  юм.
 
 Б.Амарсайхан


Монгол брэнд