top banner

Улиастай хот нь Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот болж хөгжиж байжээ


2018-02-27 17:51:02
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь МУИС-ийн Завхан сургуулийн багш Д.Алтанхуяг, М.Цогбаяр нар XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг судлаж сонирхолтой хэлбэрээр иргэдэд цахимаар болон хэвлэмэлээр хүргэж эхэлжээ. Тэд энэхүү судалгааны бүтээлийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж цувралаар олны хүртээл болгосон байна. Улиастай хотыг эртний, худалдааны томоохон хот байсныг түүхэнд тэмдэглэжээ. Энэ талаарх сонирхолтой ярилцлагыг танд хүргэж байна.  
-Сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Аймгийн нэгдсэн facebook групп болон цахим сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр та бүхэн Улиастай хотын худалдаа наймаа, пүүс, худалдааны зам гээд сонирхолтой түүхийг судалсан тухайгаа цувралаар хүргэж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэхүү сонирхолтой түүхийн талаар дэлгэрэнгүй ярилцахаар ирлээ. Улиастай хотыг эртний түүхт хот гэдгийг хэн хүнгүй мэддэг. Гэхдээ яагаад заавал Улиастай хотын худалдаа эдийн засгийн талаарх судалгааг хийх болов?
-За баярлалаа. Аливаа улс орны түүх нь орон нутгийн түүхээс бүрддэг бөгөөд энэ нь түүхийн шинжлэх ухааны хавсарга ухаануудын нэг юм. Орон нутаг судлал нь тодорхой нутаг, дэвсгэрийн хүрээнд тухайлсан ард түмний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын түүхэн хөгжилтийн асуудлыг улс орны түүхэн хөгжлийн ерөнхий зүй тогтол, чиг хандлагатай нь авч үзэж судалдаг танин мэдэхүйн нэгэн салбар билээ. Тиймээс орон нутгийн түүхийг судлах нь тухайн улс орны түүхийн бүрхэг бүдэг асуудлыг тодруулах, гүнзгийрүүлэн судлахад болон тухайн орны нийгмийн хөгжил орон нутгийн түүхэнд хэрхэн бодитой илэрч буйг танин мэдэж, ойлгон ухаарахад судалгаа шинжилгээ, практик ач холбогдолтой байдаг. Манай улсад энэ чиглэлийн судалгаа харьцангуй бага судлагдаж хоцрогдонгуй явж ирсэн байдаг. Бид энэ удаад XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм судалгааг нэгтгэн гаргах зорилго тавьсан. Яагаад гэвэл Улиастай хот бол бидний үүх түүхтэй төрөлх хот. Мөн энэ эртний түүхтэй хотод МУИС-ийн Завхан сургууль эдийн засгийн чиглэлээр боловсрол олгож байна. Тиймээс судалгаа хийх нь бидний үүрэг хариуцлага болоод байна. Ингээд Улиастай хотын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх, Улиастайн худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг албан баримт хэрэглэгдэхүүн, архивын баримт, жуулчдын тэмдэглэл, сурвалжид тулгуурлан гаргах,  Улиастайн худалдаа наймаанд оролцогч талуудын талаарх дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой энэ ажлыг эхлүүлсэн байгаа.  
Бид судалгаандаа Улиастай хотын түүхтэй холбоотой түүхэн гэрэл зургуудыг ашигласан бөгөөд эдгээр зургуудыг Оросын Петр хааны нэрэмжит Угсаатны зүй, хүн судлалын музейд хадгалагдаж байгаа 1870-1894 оны үед авсан зурагнууд, 1872 онд Потаниныг дагаж явсан зурагчин Аделев, Клеменц Оросын нэрт археологич, Чарушин нарын  зурагнууд, Германий жуулчин Хермани Констений авсан гэрэл зурагнуудыг ашигласан байгаа.  Эдгээр гэрэл зурагнууд нь одоо мэдэгдэж байгаа Монголын түүхэнд холбогдох хамгийн эртний зургууд юм.
-Улиастай хотыг эртний түүхтэй гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл хомс байдаг юм шигээ. Ялангуяа худалдаа наймааных нь талаарх мэдээлэл?
-Монголын хот суурингийн түүхнээ өөрийн гэсэн өвөрмөц түүх бүхий эртний түүхийн улбаатай нэгэн хот бол Улиастай хот юм.  Улиастай хотын түүхийн судлалаар Л.Дэндэвийн “Улиастай жанжин хөөгдсөн тухай” (Манжаас монголчилсон), Г.Навааннамжилийн 1941 оны Өвгөн бичээчийн яриа ном, М.Санждоржийн “Улиастай хотын байгуулагдсан нь” нэртэй 1963 онд “Этнографийн судлал” сэтгүүл, “Хатанбаатар Магсаржав Улиастай хотыг цагаантанаас чөлөөлсөн нь”, “Түүхийн судлал” сэтгүүл, “Завхан аймгийн түүхэн тойм”сэтгүүл, “Улиастай дахь манжийн засаг захиргааны төв устсан нь” гээд зохиолууд дээр судлагаа шинжилгээний бүтээлүүд туурвисан байдаг. Эдгээр судалгаанаас худалдаа, эдийн засгийн асуудлыг судалсан нь бага байдаг. Тэгэхээр Улиастай хотын анхны эхлэл Хүннү гүрний үеэс суурь нь тавигдаж, XVIII зууны дунд үед Манж нар хуучин хотын туурийг түшиглэж, сангийн хотын үүсгэн байгуулж түүхэнд Улиастайн цэргийн хүрээ, Цэргийн их хүрээ, Умард замын их цэргийн хүрээ гэх зэргээр нэрлэж байсан байна. Анхандаа цэргийн хүрээ байсан бол аажимдаа цэрэг, иргэн засаг, захиргааны төв болж өргөжсөн байдаг. Манж нар Улиастайд сангийн хотыг байгуулсантай зэрэгцэж түүнийг дагалдаж Хятад худалдаачид орж ирсэнээр худалдааны ажил эрчимжиж, хүнсний ногоо тарих ажлыг эхлүүлсэн байдаг. Тухайлбал “Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” 34-р дэвтэрт “Улиастайн газар дотоод, гадаадад нь мод босгож, дунд нь хөрс шороо тавьж дагтаршуулан хот үйлдэж хотын дотор санхүү байгуулж эсэргэн жил ногоо гарсныг үзэж ...цэргийн зэвсэг, дарийн зэрэг дараа дараагаар зөөн авчирсугай” гэжээ. Эндээс харахад Улиастайд тариа, ногоо тарих ажлыг туршиж үзэж байсан нь харагдаж байгаа юм.
-Улиастай хот  яагаад худалдааны гол төв болж байсан юм бол?
-XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсан байгаа юм. Тухайлбал умард Монголын засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ. Мөн тухайн үед Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан байгаа юм. Тухайлбал, Улиастай-Сайр ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том зам нь байв. Мөн Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан. Энэ хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ. Харин Орос улстай холбогдсон худалдааны гол замууд гэвэл Улиастай–Хангилцаг-Урианхайн хязгаарын Хөшөө модны чиглэлийн зам. Энэ зам нь 600 орчим бээр үргэлжлэх бөгөөд Оросын худалдаанд нэлээн ирээдүйтэй хэмээгдэж байжээ. Мөн Улиастай–Хатгал-Мондын чиглэлийн зам Улиастайг Оросын өмнөд Сибирийн мужуудтай холбосон зам байсан гээд Улиастай бол худалдаа наймааны гол зам дайран өнгөрдөг томоохон төв байсан байдаг.
-Тэгвэл Улиастай худалдааны төв замыг холбож байсан болохоор мэдээж энэ сууринд томоохон худалдааны пүүсүүд, бас бус байгууллагууд байгуулагдаж байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Улиастайн сууринд худалдааны ажил өргөжсөнтэй холбоотойгоор хоёр байгууллага бий болсон.  Юуны түрүүн зохицуулах, хянах татвар хураах үүрэг бүхий Цагдаагийн товчоо байгуулагдаж байсан байгаа юм. Энэ товчоонд нэг түшмэл, хоёр цагдаа ажиллах бөгөөд тэд Сангийн хотын цэргүүдээс гурав, гурван сараар томилогдон ирж ажилладаг. Эрх үүргийн хувьд Улиастай хотод хэв журам сахиулах, жижиг хулгай залилангийн хэргийг шийтгэхээс гадна татварын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан байгаа юм. Мөн Улиастайд ирж байгаа бараа таваараас татвар хураахдаа, нэг тэмээ ачаа тутмаас хоёр цэн мөнгө татварлан авдаг. Харин хэрэглээний чухал бүтээгдэхүүн болох гурилаас татвар авдаггүй, харин ч монголчуудыг гурил будаагаар хангах явдлыг дэмжиж байсан байгаа юм. Мөн худалдааны ажил эрхлэх байшингаас газрын татвар хураадаг журамтай байжээ тэр үед. Харин нөгөө нэг байгууллага нь гадаадын худалдаа өргөжсөнтэй холбоотойгоор 1904 онд байгуулагдсан Гаалийн хороо юм. Тэрхүү гаалийн хороо нь Оросоос орж ирэх бараа таваар болон Орос руу гарч буй ангийн үс, малын үс ноос зэрэг түүхий эдээс татвар авдаг байжээ. Улиастайн гаалийн хороо нь эхэн үедээ Улиастайн манж жанжны газарт захирагдаж байснаа, 1912 онд Улиастайг чөлөөлсний дараа Улиастайн сайдын газарт харьяалагдах болсон байгаа юм.
Энэ үеэс Улиастай хот нь баруун Монгол төдийгүй Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот болж хөгжиж байжээ. Хөгжлийн үйл явцтай зэрэгцэн  Орос, Хятад болон бусад орны худалдааны пүүсүүд олноор байгуулагдан, наймаачид нь  худалдаа, арилжаа эрхлэж байсныг зарим ном хэвлэлд өгүүлсэн байна.
-Улиастайд хятадын том пүүсүүд байгуулагдаж байсан гэлээ. Тэгэхээр хятадын худалдаа энд хэрхэн өрнөж байсан бол?
-Нүүдэлчин монголчууд эртнээс нааш суурьшмал иргэдийн бараа таваараар дутагдаж, түүнийгээ их төлөв худалдаа арилжаагаар нөхөж байсан. Монголын худалдааны түүхэнд хятадын худалдаа түлхүү байр суурь эзэлж байсан бөгөөд Манжийн төрөөс ч энэ байдлыг харгалзан үзэж монголчуудыг хятадын бараа таваараар хангах үүднээс үе шаттайгаар хатуу хараа хяналтын дор худалдааны ажил эрхлүүлж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Хятадын худалдаачид анх 1697 онд манжийн цэргийг дагалдан цэргийн худалдааны шугамаар Монголд орж ирсэн байдаг. Улиастайд худалдаа хийх болсон он цаг нь ч мөн энэ үед хамаардаг. Тэд Улиастай, Хүрээ, Ховд гэсэн гурван гол газар төвлөрч, мөн хошуудад салбар нээн худалдаа хийж байв. Улиастай хот манжийн засаг захиргааны төв болохын дээр баруун бүс нутаг дахь гол суурин тул хятад худалдааны нэгэн төв болж байжээ. Оросын судлаач И.М.Майскийн судалгаанаас харахад хятадын 15 пүүс Улиастайд ажиллаж байжээ.
Худалдааны эргэлт ба цуглардаг хүмүүсийн тоогоороо эхэн үедээ ар монголд нэгдүгээрт байсан бол яваандаа Их Хүрээний дараа бичигдэх болсон ч Ховдоос дээгүүр байсан байгаа юм.

-Тэр үеийн Улиастайд ямар пүүсүүд нэр нөлөө бүхий байв? Гол төлөв ямар худалдааг эрхэлж байсан юм бол?

-Улиастай дахь нэр нөлөө бүхий, хамгийн том пүүс бол Да Шэн Куйгийн пүүс юм. 1700-аад оны эхэн үеэс Фэй Ян Гуйгийн удирдсан цэрэг Улиастайд суурьшихад, Ван Сян Циний хуучин танил Жан Зе, Ши Да Сюэ нартай хамтран худалдааны мухлаг нээн ажиллуулсан ажээ. Манжийн эрх баригчдын ивээлд багтсан тэдний худалдаа амжилттай болж, удалгүй хэсэг хятадуудыг нэмэн элсүүлж, хамтарсан пүүс байгуулж, эхлээд Зе Шэн Тан, Та Мин гэх зэргээр уг пүүсээ нэрлэж байгаад, хожим нь Да Шэн Куй гэдэг болжээ. Ингэж Да Шэн Куй пүүс байгуулагдсан түүхтэй. Энэ пүүс нь Улиастайн худгийн аманд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байсан байгаа юм. Харин төв дэлгүүр нь Маймаачин хотод байв. Худгийн ам хэмээн нэрлэх болсон нь ч тус пүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг. Пүүсийн хашаан дотор нэлээн том худаг байсан, түүгээр нэрлэгдсэн байна. Да Шэн Куйгийн төв анхандаа Улиастайд байрлаж байснаа, хожим түүний үйл ажиллагааны хүрээ тэлж ирэх үед Хөх хотод шилжин төвлөрсөн байдаг.
-Тэр үед мэдээж жин тээж худалдааны бараа таваарыг зөөвөрлөдөг байсан байх. Энэ том пүүс гэхэд хэчнээн тэмээгээр жин тээдэг байсан бол?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хөсөг тэрэг, тэмээн жингээр бараа таваараа зөөвөрлөдөг байсан. Да Шэн Куйгийн пүүс Улиастай хотын ойролцоо 1500-гаас дээш тэмээтэй байж түүгээрээ жин тээдэг байсан юм билээ. Харин Да Шэн Куйгийн удаад орж байсан Юань Шэн Да, Тянь И Дэ хэмээх хоёр пүүс ч мөн л дээрхийн адил замаар байгуулагдаж 1000-аас дээш тэмээгээр жин тээдэг байсан түүх бий. 
- Юань Шэн Да пүүсийн талаар дэлгэрүүлбэл?
-Юань Шэн Дэ пүүсийг үндэслэгч нь Шаньси мужийн Цун Дуань Цинь гэгч хүн юм. Тэр мөн л 1700-аад оны үед Манжийн цэргийн хүнсний албанд орж, халхад иржээ. Анхандаа жин тээн, Хөх хотоос тэмээгээр бараа, хүнсний зүйл авчран, Ховд хотын ойролцоо худалдаалж, нэлээд ашиг олоод дараа нь пүүс нээсэн түүхтэй юм билээ. Юань Шэн Дэ Ховдод төвлөрч байсан бөгөөд монгол нэр нь Аршаан гэдэг. Улиастайд нэгэн салбар нь л байсан. Юань Шэн Дэ пүүс Хөх хот-Улиастайн хооронд 900 орчим тэмээгээр жин тээдэг байсан байгаа юм. Харин Тянь И Дэ пүүсийг үндэслэгчид нь Го, Фан, Ма овогтон таван хүн байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэд мөн л Шаньси мужийнхан. Анхандаа тавуулаа ажиллаж байснаа удалгүй Юань Шэн Дэ пүүсийн хоёр хувь нийлүүлэгчийг элсүүлэн долуулаа болжээ. Энэ пүүсийг үндэслэгчийн монгол нэр нь Наст бөгөөд Настын пүүс хэмээн иргэд нэрлэж заншсан байдаг. Энэ пүүсийн халх дахь төв нь мөн л Улиастайд байсан.
-Тэр үед хятад худалдаачдаас гадна монгол иргэд худалдаа наймаа эрхэлдэггүй байсан юм уу?
-Мэдээж цөөхөн тооны монголчууд хятад иргэдтэй хамтарч худалдаа наймаа хийж байсан байгаа юм. Тухайлбал Содномдаржаа, Бээжин Билэгт, Баян боов, Бүдүүн луусаан, Хонхооюуны, Чотонхууны, Шил дов гэх зэрэг монголжсон нэртэй хамтарсан пүүсүүдээс гадна Америк, Английн салбар пүүсүүд ч Улиастайд байжээ. Энэ талаар Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг. 34-р дэвтэрт дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдгээр пүүсүүд эхнээсээ шургуу зүтгэж нэг, хоёрхон жилийн дотор арваад дэлгүүр, мухлаг нээж Монголын зах зээлд түргэн нэвтэрсэн байдаг.
-Тэр үеийн худалдаа наймааг мөнгө ембүү зэргээр хийдэг байсан болуу? Аль эсвэл малаар бараа таваараа сольдог байсан юм болов уу?
-Мөнгө, ембүү гэхээсээ илүүтэй авчирсан бараагаа хонь, ямаа, хурганы арьс, үхрийн шир, ноос ноолуур зэрэг Монголын малын гаралтай түүхий эд болгон борлуулж, түүнийгээ Сайр ус буюу Их Хүрээгээр дамжуулан Бээжинд хөлсний тэмээн жингээр хүргүүлдэг байсан байгаа юм.  Хөх хотын болон Бээжингийн худалдаачид малын түүхий эдээс гадна мал, ялангуяа хонийг олон тоогоор худалдан авч мянга мянгаар суурилан Хөх хот, Хаалган руу тууварлан аваачдаг. Мөн хангай, хөвчийн Монголчууд, Урианхайчуудаас хэрэмний арьс олноор нь авч, жилд 30 мянга орчмыг худалдан авдаг байжээ.

-Одоогийнх шиг мөнгө хүүтэй зээлдэг байсан тухай уншиж байсан юм байна?

-Яг үнэн шүү. Тэр үед Да Шен Куй болон Настын пүүсүүд аливаа албан ба амины хэрэгцээнд мөнгө хүүтэй зээлж монголчуудыг хүүлж байсан тухай баримт олон бий.  
-Тэр үеийн худалдааны пүүсүүд нь бөөний худалдаа хийдэг байсан боловуу? Мөн яг ямар бараа их эрэлттэй байсан бол?
-Улиастай дахь Хятадын худалдаа нь жижиглэнгийн мухлаг, бөөний худалдааны дэлгүүр, агуулах, контор гэсэн хэсгүүдээс бүрдэж байжээ. Зарах бараа олон төрөл байх авч тэр дундаа цай хүндтэй байр суурийг эзэлдэг байсан байгаа юм. Учир нь Монголчууд түүхий ус уухыг цээрлэдэг. Муу хоолноос сайн цай дээр гэж үздэг байсан байгаа юм. Тиймээс ч хятадуудын зардаг гол бараа нь цай байжээ.  Хаалганаас Хүрээ, Хүрээнээс  Улиастай гэсэн замаар намраас эхлэн хавар хүртэл жин тээн цай тээвэрлэн авчирдаг байжээ.  Мөн түүнчлэн торго, дурдан, хоргой, элдэв зүйл амттан зэрэг чамин тансаг барааг олноор нь зардаг байсан. 1900-ээд оны мэдээгээр Улиастайд Хөх хотын 12 орчим худалдааны пүүсээр зузаан цай, дайланбуу, төрөл бүрийн бүс, даавуу, гурил будаа, гахайн мах, загас, архи дарс, амны болон хамрын тамхи зэргийг борлуулж байжээ.
-Тэр үеийн хятад худалдаачид их зальжин, ардыг бараг хуурч байгаад борлуулалтаа хийдэг байсан гэдэг нь үнэн болов уу?
-ХХ зууны эхэн үеийн Улиастайн хятад мухлагийн байдал, хятад худалдаачид монголчуудтай худалдаа хийх арга барилыг дараах байдлаар тэмдэглэн үлдээсэн байгаа юм. “Хятадууд нэр хүндтэй худалдан авагчдыг бол лангууныхаа цаагуур оруулж, талд нь ортол эсгий ба улаан даавуу дэвссэн наар засаастай, хажуугийнхаа өрөөнд орохыг урина. Эндээ оруулангуут цай болон өнгөтэй мөсөн чихрээр дайлна. Мөн хятад амттан болох ямар нэгэн үр цацсан гурилан жигнэмэг байна. Эзэн нь ямар  нэгэн тос нэвчүүлсэн тамхи, гаанс, асаасан цаасан лаа санал болгоно. Манай ам зайлдаг усны аяга шиг жижигхэн шаазан аягаар цай уудаг ажээ. Хэр зэрэг цэвэр эсэх нь эргэлзээтэй. Эзэн нь сууж байсан байраа зочинд тавьж өгөн, өөрөө хажуу тийш болно. Эргэн тойрон хятад хөвгүүд зогсоод орос болон хятад зэс данхнаас цай тасралтгүй аягалж өгсөөр зогсоно. Тэд гаанс барин яаран гүйлдэцгээнэ” гэсэн байна.

Мөн хятад худалдаачид монголчуудтай хэрхэн худалдаа хийж байсан талаар бичихдээ, -“Хятад худалдаачин бүр нь өндөр үнэ хэлэх үүрэгтэй бөгөөд дараа нь маш удаан, шаргуу үнэ хаялцацгаана. Хятад худалдаачин дансныхаа зузаан дэвтрийг анхааралтай харж харж, өвөрмөц хятад сампингаа шаржигнуулан тоо бодсоныхоо дараа хамгийн доод үнээ хэлдэг ба үүнээс цааш үнэ буурна сампингаа шаржигнуулна гэсэн ойлголт байхгүй. Үндсэн бараанууд нь цай, даавуу, даалимба бөгөөд эдгээр нь лангуун дор нь болон хашаан дахь том агуулах сав дотор нь байна.  Ямааны арьс барьсан монгол ирнэ. Хятад арьсыг үл тоосон байдлаар шал руу шидээд юу хэрэгтэй вэ? гэж асууна. Монгол хариуд нь хоёр боодол тамхи хэрэгтэй гэнэ. Хятад нь нэг боодол өгнө гэнэ, монгол нь хоёрыг авна хэмээн хэлэлцэнэ. Монгол эр арьсаа нэг бус хятадад үзүүлсэн бололтой буулт хийхээс өөр аргагүй болж, нэг боодол тамхи авна. Хятад нь үзүүрээсээ урагдаж, үртэс шиг тамхи асгарсан боодлыг авч өгнө. Монгол нь үүнийг эсэргүүцэх боловч хятад нь сонсохгүй. Ийнхүү Манжийн үеийн Улиастай хотын худалдааны эргэлт нь ихээхэн мэт боловч үнэн хэрэгтээ шавааралдан байрлах хятад байшингууд дотор ихэнхидээ овжин зууч нарын үйл ажиллагааны худалдаа явагдсаар” хэмээн бичиж үлдээсэн баримт байна. Тэгэхээр тэр үеийн хятад худалдаачид нь овжин, зальжин байсан нь харагдаж байгаа юм.
Бас нэгэн баримтанд: -“Өлгөж, дэлгэж тавьсан бараанууд нь гудамжнаас харагдана. Гүйлгээтэй гэж хэлмээргүй бараанууд тавьдаг. Эдгээр нь монгол хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэггүй боловч нүүдэлчдийн нүдийг хужирладаг бараануудтай. Тавиур дээр нь эмээл, ташуурны хулсан мод, маш муухай шигтгэсэн боловч маш үнэтэй чулуу бүхий гаанс, галзуурсан үнэтэй, муухан сувдаар чимэглэсэн тамхины уут байна.  Шал утгагүй зурагтай торго, хээгүй торго толгой толгойгоороо байна” хэмээн бичсэн баримт ч байна. Тэгэхлээр хятадын худалдаачид нэг талаараа бараа таваар нийлүүлж байсан сайн талтай хэдий ч нөгөө талаар ард иргэдийг мөлжиж байсан нь түүхчдийн зарим судалгааны ном болон тэр үеийн гадаадын жуулчдын тэмдэглэлд тэмдэглэгдэн үлдсэн байна.

-Тэгвэл худалдаа наймааны тал дээрх хяналт хэрхэн тогтоогдож байсан юм бол?

-Айхтар хяналт байгаагүй байдаг. Харин Орос болон хятад худалдаачдын дунд их өрсөлдөөн хавчиж шахах асуудал байсан байгаа юм. Тодруулбал 1911 оны хувьсгалын дараа Аан И, Гүй И зэрэг эрх баригчид Улиастай хотоос зайлан нутаг буцсан боловч энгийн худалдаачид Улиастайн яамны газрын зөвшөөрөлтэйгээр худалдааны хэргээ үргэлжлүүлэн явуулсаар байжээ. Тэднийг Улиастай хотоос шууд хөөн гаргах нь тухайн үед зөв шийдэл биш байв. Хэдийгээр Улиастайд Орос худалдааны газрууд нэлээн байсан ч тэд баруун бүс нутгийн иргэдийг хэрэглээний бараа таваараар хангаж чадахгүй байсан. Үүнийг эдийн засгийн хувьд хараахан бэхжиж амжаагүй байсан Богд хааны засгийн газар болон Улиастайн сайд Чин ачит ван Гончигдамба нар ухаарч байжээ. 1920 оны эхээр Улиастайд цагаан цэргийн эрхтнүүд хяналтаа тогтоосны дараа тэнд байсан хятад худалдаачдыг хавчин, тонон дээрэмдэх болсон байгаа юм. Мөн 1921 оны хувьсгалын дараа гадаадын элдэв шунахай худалдаачдыг шахан зайлуулах бодлогын үүднээс элдэв зүйлээр хавчих болсон гэх зэрэг шалтгааны учир хятад худалдаачдын тоо багассаар 1930-аад он гэхэд ардын хоршоонд шахагдаж цөөрсөн байдаг.
Бас нэгэн баримт нэмж хэлэхэд хятад худалдаачдын дэлгүүрийн байр байдлын талаар:, -“Нааран дээр нь европынхныг шоглон зурсан шог зураг бүхий номнууд их байна. Орос дэлгүүрийг бодвол хятад дэлгүүрт ном байх нь олонтаа. Санхүүгийн бичиг дансыг маш нарийвчлалтайгаар сайн эмийн сангийнхан шиг хөтлөн бичдэг хар дансны зузаан дэвтэр хятад дэлгүүр болгонд харагдана. Дэлгүүрийг Бээжин, Хаалганд гэртэй пүүсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч толгойлдог. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө ажил хэрэгтээ шууд оролцдог бөгөөд албан хаагчдынх нь зарим нь ажил хэрэгтээ оролцдог, харин зарим нь оролцохоор зэхэж байгаа хүмүүс байдаг. Иймд бүх ажил хэрэг нь маш нарийн тайлагнасан, бичиж тэмдэглэсэн байдаг. Хятадууд тэмдэглэлдээ өчүүхэн зүйлийг ч гайхмаар нарийн тэмдэглэдэг. Үүнээс гадна харсан, сонссон болгоноо бичдэг тэмдэглэлийн дэвтэртэй хятадууд олон байдаг, шүлэг бичээд зугаалж явахдаа түүнийгээ гуншигнан уншиж явна” хэмээсэн баримт байна.
-Улиастай дахь хятад худалдаачид гэхээсээ илүүтэй Улиастайд газар тариалан эрхэлж байсан хятад иргэд цөөнгүй байсан баримт байдаг. Мөн саяхандаа буюу 90-ээд оны сүүл хүртэл хятад иргэд амьдарч газар тариалан, барилгын ажил хийдэг байсан. Одоо ч тэдний үр хүүхдүүд Улиастайд бий шүү дээ. Тэгэхлээр худалдаачдаас гадна газар тариалан эрхэлж байсан хятад иргэдийн мэдээлэл баримтыг судалж үзэв үү?
-Мэдээж судалгааны явцад сонирхолтой мэдээлэл гарч ирсэн шүү.
Тухайлбал Улиастайд гурван зүйлийн ажил эрхэлдэг хятад иргэд байсан байгаа юм.
Тарианы ажил эрхлэх хятад иргэд улаан буудай, арвай, төмс, байцаа, лууван манжин, сонгино, сармис зэрэг хүнсний ногоо тарина. Их төлөв Хөх хотоос ирсэн цөөн тооны хятад гар урчууд өөрсдийн хийсэн хялбар хийцтэй ойр зуурын хэрэгцээний төмөр эдлэл хийх буюу хуучирсныг засаж янзална. Харин модны мужаан нарын бүтээгдэхүүн арай өргөн хүрээтэй.  Тэд гэрийн хаалга, модон хувин, торх зэрэг сав, суулга хийхээс гадна байшин барина. Барилгын модоо ууланд бэлтгүүлэх зэрэг ойр зуурын хар ажилд монголчуудыг ашиглаж бас ажиллуулдаг байсан байгаа юм.
Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Та бүхний дараагийн шинэ судалгааны ажилд амжилт хүсье.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд