top banner

Монгол Улс аюултай хог хаягдлын менежмент хийх шаардлагатай гэв


2018-03-01 16:27:59
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс аюултай хог хаягдлын менежментийн чадавхийн үнэлгээг хийх шаардлагатай хэмээн Рамболь компанийн мэргэжилтнүүд онцолж байна.

БОАЖЯ-наас Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр  Рамболь компанийн төлөөлөгчид  төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдэд  өнөөдөр семинар зохион байгуулав.

Ус цаг уур орчны шинжилгээний газарт болсон тус хэлэлцүүлгээр Рамболь компанийн төлөөлөгч Жон Фрэдрик хэлэхдээ, “Хамгийн чухал сэдэв бол аюултай хог хаягдлын менежментийн чадавхийн үнэлгээг хийх юм. Монгол Улс  нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ гэдэгт зөвлөмж гаргахаар бид ажиллаж байна. Хамгийн түрүүнд аюултай хог хаягдлын менежментийн институцын чадавхийн үнэлгээг хийх нь чухал гэдэгт төвлөрч байна. Энэ менежментийг хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн  боловсруулах вэ гэдэгт мэдлэг өгөхөөр энэхүү сургалтыг хийж байна” хэмээв.

Аюултай хог хаягдлын нэг төрөл бол химийн бодис юм. Манай улс 2014 онд хэрэглээнээс гарсан химийн хорт болон аюултай бодисын тооллогыг улсын хэмжээнд явуулжээ. Тус тооллогоор 21 аймгийн 139 суманд  369 тонн, 69 мянган литр хугацаа нь дууссан химийн бодисыг хадгалж байжээ.  Эдгээр химийн бодисын  55.6 хувь нь ажлын байранд,  25.4 хувь нь  зохих ёсны хамгаалалтгүй агуулахад, 2.6 хувь нь  задгай талбайд хадгалж байсан аж. Мөн нийслэлийн  есөн дүүрэгт  тодорхой хэмжээний химийн хорт болон аюултай бодис хадгалж байсныг илрүүлжээ. Үүний 14.6 хувь нь  тусгай зориулалтын агуулахад,  54.9 хувь нь ажлын байранд, 25.4 хувь  нь зориулалтын бус агуулахад, 2.6 хувь  нь ил задгай, 1.7 хувь  барилгын зоорийн давхарт хадгалж байсныг илрүүлсэн ажээ. Иймд  Монгол Улс аюултай хог хаягдал  химийн бодисын ашиглалтаас үүдэлтэй эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авч, химийн бодисын эргэлтийн  менежментийг сайжруулах шаардлагатай гэдгийг гадныхан зөвлөж байна.

Химийн бодисыг үйлдвэрлэснээс эхлээд тээвэрлэх, хадгалах, ашиглах, үлдэгдлийг хоргүйжүүлэн устгаж дуусах үе шат хүртэл стандартын дагуу хийх, хяналтыг сайжруулснаар нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах менежмент хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд тодотгов.
 
О.Мөнхжаргал

Монгол брэнд