top banner

Монгол Улсын хог хаягдлыг устгах чиглэлд хийсэн ажлыг "хангалттай" гэж дүгнэжээ


2018-03-02 13:47:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газар, Даян дэлхийн байгаль орчны сангаас  хэрэгжүүлж буй “Хог хаягдлын ил шаталтын үйл ажиллагаанд боломжит арга, технологи, байгаль орчинд ээлтэй практик нэвтрүүлэх бүсийн төсөл”-ийн Удирдах зөвлөлийн III хуралдаан Филлипин улсын Манила хотод өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 02-ны хооронд боллоо.
 
Тус  хурлаар бүсийн төслийн хүрээнд 2017 онд хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын хувьд 2017 онд төлөвлөж, хийж хэрэгжүүлсэн ажлыг бүрэн хангалттай гэж дүгнэсэн бөгөөд 2018 онд бүсийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэн баталлаа.

Мөн үеэр “Хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт болжээ. Удирдах зөвлөлийн хурал болон сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Улаанбаатар хотын Захиагчийн албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригун, Улаанбаатар хотын Хот тохижилтийн газрын орлогч дарга С.Батбаатар болон төслийн зохицуулагч Б.Дэлгэрбаяр нар оролцлоо.

Ил шаталтын үйл ажиллагаанд Боломжит арга технологи болон байгаль орчинд ээлтэй практик, үйл ажиллагаа нэвтрүүлэх замаар зориудын бусаар үүсдэг Удаан задардаг органик бохирдуулагчийн ялгарлыг бууруулах, хог хаягдлын үр ашигтай менежментийн систем бий болгох талаар  сургалтыг зохио байгуулсан байна. Энэхүү сургалтаар хог хаягдлын ил шаталтын үйл ажиллагаанаас үүсэх удаан задардаг органик бохирдуулагчийн эх үүсвэрүүд болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хог хаягдлын цогц менежментийг хэрэгжүүлэх арга зүй, бохирдуулагчийг тооцох аргачлалын талаар оролцогчдод мэдлэг олгожээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд