top banner

Эрүүл мэндийн салбарт гадны зээл, тусламжаар 20 төсөл хэрэгжиж байна


2018-03-02 16:42:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан “Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл”-ийн энэ оны анхны хурал өнөөдөр боллоо.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд олон улсын болон дотоодын хөгжлийн түншүүдийн туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Эрүүл мэндийн салбарын засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаад орнууд, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нийт 545 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий 20 орчим томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна.

Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг хангах зорилгоор “Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл”-ийг 2017 онд байгуулсан юм. Зөвлөлийн өнөөдрийн хурал “Агаарын бохирдол” сэдвийн хүрээнд болсон юм. Хуралд Азийн хөгжлийн банк (АХБ), олон улсын болон дотоодын түнш байгууллагууд, Элчин сайдын яамд зэрэг 30 гаруй байгууллагын 80  төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "Гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн 2018 оны анхдугаар хурлыг агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулж байгаа нь санамсаргүй сонголт биш юм. Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Агаарын бохирдлын шалтгаан, үүсгэгч хүчин зүйлс нь янз бүр боловч түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ойрын болоод алсын үр дагавар, хор уршиг нь асар их. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон гэр хорооллыг барилгажуулах, сайжруулсан болон хийн түлш хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлохыг дэмжих, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор урамшуулал олгохтой холбоотой бодлогын баримт бичгүүдийг батлан мөрдүүлж, агаарын чанарын мэдээг олон нийтэд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нийт хүн амын талаас илүү хувь амьдардаг хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байна. Тухайлбал, 2000 онд амьсгалын тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 791 тохиолдож байсан бол 2016 онд 1647 болж, 2 дахин нэмэгдсэн байгаа юм" гэлээ.

Өнөөдрийн хурлаар нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, олон улсад баримталж буй зөвлөмжийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах механизмаа улам боловсронгуй болгох асуудлаар санал солилцов. Мөн, хурлын үеэр Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2018-2027-г хэрэгжүүлэх салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техникийн туслалцааны төслийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Ч.Ариунболд

Монгол брэнд