top banner

Дархан суманд “Монгол ногоо" төсөл хэрэгжинэ


2018-03-06 12:09:20
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2019 он хүртэл хэрэгжих “Монгол ногоо” төсөлд Дархан сумын 20 өрх айл хамрагдаж хүнсний ногоо тариалах арга барилд суралцан амьжиргаандаа ахиц гаргах ажээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн нэг, нэг бүлгийг уг төсөлд хамруулах юм.

"Монгол ногоо" төсөл 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын дүүргүүдэд хэрэгжүүлсэн бол энэ оноос Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудад төслөө хэрэгжүүлэхээр болж төслийн багийнхан анхны уулзалтаа Дархан сумын удирдлагуудтай хийсэн юм.

Төслийн хүрээнд хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах зорилт бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн гэр хороололд амьдардаг амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн айл өрхүүдийн амьжиргааг хүнсний ногоо тариалуулах замаар сайжруулах нь уг төслийн чухал хэсэг аж.

Төслийн хүрээнд Дархан сумын гэр хорооллын багаас нэг гудамжийг сонгон авч усны эх үүсвэрийг шийдвэрлэн тухайн гудамжны бүх айлуудыг устай болгосноор хүнсний ногоо тариалах боломжийг бий болгох юм. Улмаар хаврын тариалалтаас намрын ургац хураалт хүртэл хүнсний ногоо тариалах техниологийн сургалтыг зохион байгуулах, ногооны үрээр хангах, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх, зарим өрхөд бага оврын хүлэмжийг нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх ажээ.

Сонгогдсон айл өрхийг хоёр жилийн хугацаанд өрхийн хэрэгцээнд хүнсний ногоо тариалах, цаашлаад илүүдэл бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зэрэг амьдралд нь бодит ахиц гаргах боломжтой ажилд хамруулах юм. Айл өрхүүдийг сонгохдоо төслийн багийнхан сум орон нутагтай хамтран шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан шийдвэр гаргах ажээ.
 
Л.Отгонбаатар
 


Монгол брэнд