top banner

Архангай аймгийн идэрчүүдийн волейболын аваргууд тодров


2018-03-06 17:14:04
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн волейболын холбооноос 2018 оны аймгийн идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 2,3-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын газарт зохион байгууллаа. Волейболын тэмцээнд 14 сумын эрэгтэй 23, эмэгтэй 21 нийт 44 багийн 360 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Энэ жилийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийн эрэгтэй төрөлд Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын баг тамирчид түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Б.Гончигзув дасгалжуулагчтай лаборатори нэгдүгээр сургуулийн баг тамирчид түрүүлсэн байна. Харин багийн нийлбэр дүнгээр Б.Гончигзув дасгалжуулагчтай  лаборатори нэгдүгээр сургуулийн баг тамирчид түрүүлжээ.

Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг аймгийн волейболын холбооноос хэлж байлаа. Өнгөрсөн жилийн ААШТ-нд 30 гаруй багийн 220 гаруй тамирчин оролцож байжээ. Хүүхэд, залуучуудын волейболын спортыг сонирхон тоглох болсон нь тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болох чухал ач холбогдолтой гэдгийг дасгалжуулагч багш нар хэлж байв.
 
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд