top banner

"МАРТ 8"-аар ямар ном бэлэглэх вэ?


2018-03-06 19:03:41
Зураг


Хамгийн дээд бэлэг бол ном хэмээн монголчууд ярьдаг. Үнэхээр эртний судар, бичээсүүдээс авахуулаад номыг дээдлэн шүтэж, баринтаглан шүншиглэж ирсэн нь учиртай биз ээ. Харин энэ удаад “Март 8” буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй хүн уншихад тохиромжтой 8 номыг тоймлон хүргэж байна. Ингэхдээ эмэгтэй хүмүүсийн заавал унших номын жагсаалтуудад багтдаг Л.Н.Толстойн “Анна Каренина”, Г.Флобер “Бовари хатагтай”, Артур Голден “Гейшагийн дурсамж” зэрэг байнга нэрлэгддэг номуудаас илүүтэйгээр яг одоо үеийн эрэлт хэрэгцээг хангаж, бэстселлэр болж буй бүтээлүүдийг санал болгож байна.

АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА

Туркийн сор зохиолчдын нэг Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” зохиол манай оронд орчуулагдаж, хэвлэгдээд төдийлөн удаагүй ч олон уншигчдын унших дуртай номын тоонд зүй ёсоор багтаад буй билээ.



Тус номд сэтгэл хөдөлгөм боловч гашуун төгсгөлтэй хайрын тухай өгүүлдэг. Зохиолч Сабахаттин Али хүний сэтгэл хөдлөл, түүн дотор явагдаж буй олон өнгийн догдлолуудыг энгийн бөгөөд гүн гүнзгий илэрхийлснээрээ онцлогтой. Раиф Эфэнди болон Мариа Пүдер нарын хайрын түүхийг найз охин эсвэл ээж болоод эгчийнхээ аль нэгэнд бэлэглэх нь энэ үдшийн гайхалтай бэлэгний нэг байх болно.

ТЭРСЛҮҮ ОХИДОД ЗОРИУЛСАН БЯЦХАН ТҮҮХҮҮД

Италийн сэтгүүлч, зохиолч Элена Фавилли ба театрын найруулагч Франческа Кавалло нарын бүтээл "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" бол дэлхийг өөрчилсөн 100 гайхалтай эмэгтэйн түүх, хөрөг зургаас бүрдсэн ном. Дэлхийн өнцөг булан бүрээс жар гаруй эмэгтэй зураач нар энэхүү номын зургуудыг урласан ба хамгийн олон хүний дэмжлэгээр бүтсэн бүтээл хэмээгддэг.

Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн түүх тус болно.



Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэлээр хийж буй зүйлдээ хандсан ямарч эмэгтэй хүн дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах билээ.  

УЛААН ДЭНЛҮҮ АСАА

Өнөөдрийн байдлаар зохиол бүтээл нь Юн Чаны “Зэрлэг хун” хоймсон романаас ч илүүтэйгээр борлогдсон Хятадын нэрт зохиолч бол Сю Тун юм. Түүний “Улаан дэнлүү асаа” гурамсан зохиол нь орчуулагч У.Хулангийн монголчилсноор манай улсад хэвлэгдсэн байдагч тус номонд багтсан гурван туужаас номын нэрээр нэрлэгдсэн тууж нь хамгийн чухал.

Уг бүтээлд Хятадын нэгэн баяны татвар эмст тохиолдсон явдал гарах бөгөөд эмэгтэй хүний сэтгэлзүйг эрэгтэй хүн гаргууд бичсэнээрээ онцлог санагддаг. Магадгүй эмэгтэй хүнийг яг юу, ямар үйлдэл, ямар онцгой сэтгэлзүйн байдал нь “эмэгтэй хүн” болгож байдгийг дээрх зохиол харуулах болов уу.



Унших явцад гомдох, уурлах, айх, баярлах зэрэг хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлзүйн тогтворгүй байдал бүхэнд ямар нэгэн адын хүсэл агуулагдаж байдаг юм болов уу? гэсэн асуулт цаг үргэлж дотроос ургана. Ертөнцийн бүхий л зүйлс жам ёсны дагуу аймшигт хуулийн үйлчлэлээр өрнөдөг ба хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн тухай өгүүлсэн мэт санагдана. Гагцхүү бидний анзаараагүй зүйлс сэтгэл доторх түймрийг асааж тэр түймэрт хүн өөрөө шатдаг. Дэнлүү асаагаад ч гэрэлтэхгүй харанхуй ертөнцөд орчихвол юу хийх байсан бэ?

ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ

Амьдралд хүн гэнэт л ямар нэгэн шалтгаангүйгээр гуниж, цөхрөх үе байдаг. Угаас цаг хугацаа хэмээгч эх адаггүй хоосонд энэ зүйл хамгийн их оршдог байх. Харин нөгөөтэйгүүр жаахан агшинд л юу юунаас илүү аз жаргалтай болдог. Тийм л аз жаргал, баяр хөөрийг ганцхан ном уншаад л бүрэн мэдэрнэ гэдэг хэн хүний хувьд лав жинхэнэ гайхамшигтай зүйл байх нь мэдээж. Уг ном бол суут найруулагч Федерико Феллинигийн намтар дурсамжийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" хэмээх бүтээл юм. Тус номыг орчуулагч Г.Лхагвадуламын монголчилсноор “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.



Зүгээр ч нэг суут найруулагчийн амьдралын тухай ном биш. Сэтгүүлзүйн тансаг бичлэг, амьдралын олон өнгө, ой тойнд зарим нь тодоос тод, зарим нь бороонд бүрэлзэх цонхны цаанаас гадаад ертөнцийг ажиж буй мэт бүдэгхэн чигээрээ зурагдан үлдсэн дурсамжууд, эрх чөлөөний үнэ цэнэ, ухамсар бол зүүднээс урган бий болдог тухай хамгийн бодитоор өгүүлсэн намтар юм.

КРЕЙЦЕРИЙН СОНАТ

“Хамгийн гол нь хайр. Хайр сэтгэлгүй гэрлэлт бол гэрлэлт биш. Зөвхөн хайр л гэрлэлтийг гэрэл гэгээтэй болгодог, хайраар гэрэлтсэн гэрлэлт л жинхэнэ гэрлэлт гэдгийг хүмүүс ойлгохгүй байна”. Магадгүй суут зохиолч Л.Н.Толстойн “Крейцерийн сонат” туужийн энэ мөрүүдийг л үзэхэд эмэгтэй хүн таны заавал унших, сөхөөд харах ёстой номын тоонд багтаж магадгүй.

Үнэндээ ёс суртахуун гээч чухам ямархуу үнэнд тулж очихоороо “ёс суртахуун” биш болж орхидог юм бэ? Чин сэтгэлийн хайрыг гагцхүү юу бидэнд ойлгуулж чадах вэ? Мөнхүү түүнээс цааш салбарлан ургах олон асуултанд “Крейцерийн сонат” хариулж чадна.



“Ихэнх тохиолдолд нөхөр, эхнэр хоёр насан туршдаа хамт амьдрана гэж гаднаа амласан мөртлөө гэрлээд хоёр сар болов уу үгүй юу нэг нэгнийгээ үзэн ядаж, хоёр тийш болохыг хүсэж эхэлдэг атлаа үргэлжлүүлэн амьдрасаар байдгийн улмаас архи дарсанд орж, өөрийгөө эсвэл бие биеэ буудаж, хор уулгаж, алах талах явдалд хүртлээ аймшигт тамыг бий болгодог юм даа.”

Зарим талаар бодит ахуйд үгүй хэтийдсэн байж болох ч туйлийн үнэн нь энэ байж магадгүй. Ямартаа ч та өөрийгөө ойлгохгүй байх мөчийн олон чухал хариултыг эл туужаас авах боломжтойг дахин сануулъя.

САЙН УУ, ГУНИГ МИНЬ

Энэ алдартай зохиол залуу орчуулагч Б.Сувддуламын хөрвүүлснээр анх удаа монгол хэлт уншигчдад хүрч буй бөгөөд “Тагтаа” паблишинг хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. 1920-иод оны үед модернизммийн давлагаа эрчээ авч, урлаг, уран зохиол бүхэлдээ шинэчлэгдсэн гэж үздэг. Бүгдийг өөрчилсөн тэр жилүүдийн тоос замхарч амжаагүй, экзистенциализм мандан бадарч асан 1950-иад оны үед хамаарах эл зохиол төсөрхөн хэмжээ, хөнгөхөн найруулгатай ч утга зохиолын түүхэнд жинтэй байр эзэлдэг.



Анх үүссэн хэлбэр нь ганцаардал, уйтгар байсан бөгөөд өөрчлөн найруулах шаардлагатайн улмаас Саган эдгээрийг “гуниг” болгон хувиргачихав уу? Ийм л асуулттай сүүлчийн хуудас эргүүлж дууссаны дараа нүүр тулах байх. Магадгүй аж төрөхүйдээ зохиомлоор “утга учир” үүсгэх шаардлага эмэгтэй хүн бүрийн өмнө тулгардаг ч юм бил үү.

“Хүрэх л гэж тэмүүлж явдаг зүйл хэзээд аз жаргал байдаг хойно” хэмээх өгүүлбэрийг уг романд хатгахдаа Саган 18-хан настай байжээ. Саар муухайг бүхлээр нь харсан ч гэлээ дээшилж хөгжих тухай Сесиль охин огтхон ч бодсонгүй.

Нийгэм аливаа хууль, дүрэм журмыг ягштал мөрдөж, шинэ сайхан тогтолцоо бий болгосон ч аливаа зүйл хэзээд л нуран унаж, алгуурхан мандаж, хуучин ёсоор амьдрал үргэлжилсээр л байдаг гэдгийг романы төгсгөлөөс бид олж уншина. Магадгүй эмэгтэй хүний дотор тээглэсэн их гуниг, гэнэтийн сэтгэл хөдлөлийн талаарх 18 настай охины мэдрэмжийг амтлаад үзэхэд буруудах зүйлгүй болов уу.

ЗЭРЛЭГ ХУН

"Зэрлэг хун" бол үхэл ба амьдралын, хэрцгий догшин ба эр зоригийн гайхалтай түүх хэмээн Мартин Амис хэлсэн удаатай. Зэрлэг хун бол маш онцгой бүтээл юм. Бичлэг хийгээд орчуулга нь ч тансаг. Уншилгүй орхих аргагүй учир алдартай бэстселлэр байгаад зогсохгүй хамгийн ноцтой шүүмжлэлийн анхааралд өртсөн ном гэвэл энэ. Хятадын алдарт туурвилч Юн Чаны бүтээсэн гурван үеийн намтар.



Тус ном нь харуусал, айдас гэхчилэн бүхий л сэтгэл хөдлөлийг төдийгүй гунигтай харанхуйн зүрхэнд гэрэлтдэг оюун ухааны талаар өгүүлэх болно.

НОРВЕГИЙН ОЙ

Хайрын түүхүүд жаргалтай эхэлж жаргалтай төгсдөг. Гэхдээ зөвхөн түүх болоод үлгэрт л энэ зүйл гардаг. Жинхэнэ хайрын магтуу болж чадсан цөөхөн кино буй. Ихэвчлэн хараа зүйн хөгжил хүчээ авч буй энэ цаг үед бусдад хуурмаг түүх өгүүлж, тэдний сэтгэлийг татах маш амархан болсон. Харин жинхэнэ хайрын түүхүүд ихэвчлэн хагацал дагуулдаг. Учир нь хүмүүс бид төгс зүйлийг эзэмшиж чаддаггүй. Тиймээс хэн нэгэн заавал алдаа эндэгдэл гаргадаг шүү дээ.

Гэвч та өөрийгөө Наоко юу, Мидори юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүний сэтгэл зүй ямар өнгөөр тодорхойлогдож тухайн хүнээс юу хүсч хүлээгээд, түүнийгээ зоригтойгоор илэрхийлж, хэлж чаддаггүй юм бэ?



Энэ бол орчин цагийн шилдэг романчдын нэг, Японы зохиолч Муракими Харукигийн алдарт “Норвегийн ой” зохиол юм. Уг романаар бүтсэн кино хүртэл буй. Харин зохиолын туршид өгүүлэгдэх хайрын түүх, Ватанабэгийн дурсамжийг хөглөж, сэдрээсэн Битлзийн “Норвегийн ой” аялгуу ч роман унших үедээ сонсоход төрүүлсэн мэдрэмжийг кинон дээр эгшиглэж байхдаа төрүүлж чадахгүй. Нэмж хэлэхэд төгсгөл нь ч тэр чигтээ бууж өгч бас чадаагүй билээ. Тиймээс хайртай, дотны хүн дээ барих гайхалтай бэлэгнүүдийн нэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.
 
Тоймч: Б.Алтанхуяг


Монгол брэнд