top banner

Архидан согтуурахтай тэмцэх дэд хөтөлбөр батлав


2018-03-06 22:31:38
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 05-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөр баталлаа.
Дорноговь аймагт  2015 онд нийт 561 гэмт хэрэг үйлдэгдсэний 34,58 хувь нь буюу 194 гэмт хэрэг согтуугаар, 2016 онд нийт 665 гэмт хэрэг үйлдэгдсэний 32.78 хувь нь буюу 218 гэмт хэрэг согтуугаар, 2017 онд нийт 654 гэмт хэрэг үйлдэгдсэний 24 хувь нь буюу 157 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн гэдгийг албаныхан танилцуулсан.
Мөн нийт үйлдэгдсэн гэмт хэрэгт согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн эзлэх хувь сүүлийн гурван жил буурч буй боловч архидан согтуурах, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн улмаас нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөлөл харьцангуй өндөр хэвээр байгаа аж.
Дэд хөтөлбөрт архидан согтуурахын хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, архины хамаарал болон архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, сайн дурын үндсэн дээр туслах эмчилгээ болох “АА” бүлэгт элсүүлэх, сэтгэл засал эмчилгээ, үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулж үр дүнг тооцох, архины хамаарлаас гарах хүсэлтэй, эмчлэгдэж эрүүлжсэн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хөтөлбөр хэрэгжүүлснээр орон нутагт архинаас үүдэлтэй гэмт хэрэг багасгаж, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж албаныхан үзэж  байна. Хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагууд төр хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлаж 2018-2020 он хүртэл хэрэгжүүлнэ.
  
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд