top banner

"Андлалын өргөө"-г Батноров суманд байгуулахаар тогтлоо


2018-03-07 11:28:13
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна. Түүний санаачлагаар Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө"-г байгуулахаар шийдвэрлэжээ.

Газар нутгийн байршлын хувьд Баянбулаг баг болон Эхэнбүрд багийн нутаг дэвсгэрийн аль нэгэнд барихаар урьд нь төлөвлөж байсан хэдий ч Батноров суманд ажиллахдаа эцсийн шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, тус сумын Эхэнбүрд багийн нутагт байрлах ард түмний шүтээн, тахилгат Дэлгэр-Өлзийт хайрханы өвөр түшиж байгуулахаар орон нутгийн удирдлагуудыг байлцуулан тодорхойлж тогтжээ.

Уг өргөөг байгуулахад нийт таван тэрбум гаруй төгрөгийн төсөв шаардлагатай аж. Үүний хоёр тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж чаджээ. Үлдсэн зардлыг хувийн хэвшил, нутгийн зөвлөл, бизнесийн салбарынхантай хамтран бүтээн байгуулах юм байна.

Газар нутгийн байршлыг эцэслэн тогтоосон учраас барилга бүтээн байгуулалтын ажлыг тун удахгүй эхлүүлнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн илэрхийлж байлаа.
Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг билээ.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд