top banner

Б.Оюун-Эрдэнэ:Монгол хүний удмын санг хамгаалах хууль одоо хүртэл гаргаагүй байгаа нь харамсалтай


2018-03-07 13:25:09
Зураг

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачлагаар “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр эхэллээ. Гэр бүл, хүүхдийн хөгжлийг хамгаалах асуудал нь Монгол улсын төрийн бодлого, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Гэхдээ 21 аймгаас анх удаа гэр бүлийн талаарх хөгжлийн хөтөлбөр ийнхүү Завхан аймагт хэрэгжиж эхэлжээ. “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй “Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэн” ТББ-ийн захирал, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? “Жаргалтай гэр бүл” нэртэй сайхан хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаан дээрх таны танилцуулга мэдээллийг сонсоход үр дүнтэй, өгөөжтэй хөтөлбөр болох гэж байгаа юм байна. Таны хувьд хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх хариуцлагатай үүргийг хүлээж авчээ. Энэ хөтөлбрийн маань зорилго юу юм бол. Бас сургагч багш нарыг бэлтгэхийн учир?
-УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачлагаар “Жаргалтай гэр бүл” гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр хоёр жилийн хугацаатай хэрэгжихээр эхэлж байна. Өнөөдөр Завханы төвийн болон өмнөд бүсийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг хийж байна. Энэ хөтөлбөр нь нэг сарын өмнөөс хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Өмнө нь Тосонцэнгэл сумд хойд бүсийн 13 сумын сургагч багш бэлтгэх тав хоногийн сургалт явагдаад дууссан. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго бол гурван зүйлд чиглэж байгаа. Нэгдүгээрт гэр бүлийн амьдралд гарч байгаа сөрөг асуудлыг бууруулах, өсвөр үе, залуучууд, залуу гэр бүл, дунд насны гэр бүлүүдэд гэр бүлийн боловсрол олгож, эрүүл тогтвортой байдлыг хангана. Хоёр дахь зорилт нь гэр бүл дэх хүүхдийн эрх, хөгжил хамгааллыг сайжруулан аюул осол, эрх зөрчигдөх гэх мэт бүхий л сөрөг асуудлуудыг бууруулахад чиглэнэ. Гуравдугаар зорилт нь гэр бүл хүүхэдтэй ажиллах боловсон хүчнийг чадавхжуулах, хүүхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн сургалт зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнээр хангах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Жаргалтай гэр бүл хөтөлбөр маань гэр бүл, хүүхдийн хөгжлийг хамгаалах Монгол Улсын төрийн бодлого, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Гэхдээ 21 аймгаас нэг алхам түрүүлж анх удаа Завхан аймагт хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм. Хөтөлбөр маань хоёр жилийн хугацаанд бодит үр дүнд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Урьдчилан харж байгаагаар хөтөлбөр хэрэгжсэнээрээ гэр бүлийн сөрөг асуудлууд буурна, гэр бүлийн харилцаа, уур амьсгалд эерэг өөрчлөлтүүүд гарна. Мөн Монгол гэр бүлийн өв ёс уламжлал өвлөгдөх, шинэчлэгдэх сайхан боломжууд бий болно, залуу гэр бүлүүд ахмадуудаас суралцах, хүүхдүүдэд гэр бүлийн талаарх зөв эхлэл, төсөөлөл суух зэрэг үр дүн бий болсон байх болов уу гэж бодож байна. Бид 20 жилийн турш Япон, Америкыг шүтсэн, Солонгос явахыг мөрөөдсөн, Монголоо үзэн ядсан бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихлоо. Монголчуудын төрийн минь сүлд өршөө гэж төрөө дээдэлж залбирдаг сэтгэлгээний дархлаа төрийг үзэн ядах үзлээр солигдож байна .Энэ бол бид тусгаар тогтнолоо алдах аюул нүүрлэж байна гэсэн үг. “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг Монгол Улсад гэр бүл болгон жаргалтай байж, тэр гэр бүлд өсч торниж байгаа хүүхэд бүр аз жаргалтай, инээд хөөртэй, эрдэм боловсролтой, зорилготой, зөв Монгол хүн болохын төлөө чиглүүлнэ. Нэг хэсэг эдийн засаг, техник технологийн асуудлыг хөгжлийн үзүүүлэлт гэж үздэг байсан бол одоо хөгжлийн үндсэн тулгуур бол хүний хөгжил юм гэдгийг дэлхий нийт ойлгож эхэлж байна. Хүний хөгжил нь хүүхдийн хөгжлийн суурийг зөв тавихаас эхэлнэ. Эхлэлийн цэг бол гэр бүл.  Гэр бүлийн тогтвортой байдал бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм. Тиймээс Я.Санжмятав гишүүний санаачилсан Жаргалтай гэр бүл” хөтөлбөр бол Монгол дархлааг бэхжүүлэхийн төлөө анхан шатны нэгжээс нь эхэлж буй томоохон ажил юм.
-Сургагч багш нар маань эхний ээлжинд гэр бүлийн зөв хүмүүжил, гэр бүлийн нандин харилцаа юунаас эхэлдэг талаарх шинэ мэдлэг мэдээлэлтэй болох нээ. Эдгээр сургагч багш нар маань хэзээнээс иргэдэд хичээлээ зааж эхлэх вэ?  Иргэдийг яаж хамруулах вэ?

-Бид сургагч багшаар бэлтгэж буй хүмүүсээ үндсэн гурван шалгуураар сонгож авсан байгаа.  Нэгдүгээрт тухай багш маань суурь чадвартай байх өөрөөр хэлбэл мэдээлэл түгээх, ярих, илтгэх ур чадвартай байх. Хоёрдугаарт энэ чиглэлээр өөрөө ажиллах хүсэл сонирхолтой байх, дараагийн дугаарт өөрийнх нь хувийн амьдрал нь харьцангуй төлөвшсөн, нутаг орондоо хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй байх гэсэн шалгуураар сонгож авсан. Эдгээр хүмүүс маань жаргалтай гэр бүл хөтөлбөрийн удирдамжийн дагуу зохион байгуулалт үйл ажиллагаанд хамтран оролцоно. Хөтөлбөр маань олон нийтэд чиглэхдээ дараах чиглэлээр хэрэгжинэ. Үүнд олон нийтийн хандлагыг өөрчлөх, сэдэлжүүлэх, гэр бүлийн харилцаа уур амьсгалыг нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гэр бүлийн гишүүддээ талархлаа илэрхийлэх, хайраа илэрхийлэх, захидал бичих гэх мэтчилэн хөдөлгөөнүүд бий болгох, авъяаслаг гэр бүл, хөдөлмөрч гэр бүлийг бий болгох, гэрлэх гэж байгаа залуу хосуудад хандсан хөтөлбөрүүд, гэх мэт тогтмол сургалтууд явагдана.  Хөтөлбөрийн удирдамж агуулгын хүрээнд төрийн болон төрийн захиргааны байгууллагууд олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, соёл боловсролын байгууллагуудыг татан оролцуулах, салбар хоорондын уялдаа холбоо тухайн байгууллагын уралдаан, идэвхи, аяныг зохион байгуулах тусгай хөтөлбөрүүд багтсан байгаа. Удирдамж маань удахгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаар тараагдана. Бид хэвлэл мэдээллийг хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа бөгөөд олон нийтийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах тэдгээрийг сэдэлжүүлэх тодорхой төрлийн ажлууд байгаа гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
- “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шалтгаан нь юу байв?
 
-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өөрийн сонгогдсон тойрогтоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж судалгаа, сургалт мэдээлэл, ном гарын авлагаар хангахад хамтран ажиллах санал тавьсан. Энэ саналыг сонсоод гэр бүл судлаач хүний хувьд талархан хүлээж авсан. Учир нь гэр бүл бол төр улсын үндэс учраас гэр бүл, хүүхдийн асуудал манай улсын ирээдүй, тусгаар тогтнолын дархлаа юм.  Олон хүн гэр бүлийн асуудал ярихаас зайлсхийдэг, тулга тойрсон жижиг асуудал гэж ойлгодог. Харин Я.Санжмятав гишүүн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал бол хөгжлийн маш том концепци гэдгийг олж харсанд талархаж байна. Эцэг эхийн харилцаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, гэр бүлд тогтсон дэг жаяг, хүүхдэдээ үлгэрлэх байдал, эцэг эхийн үйл хөдлөл, гэр бүлийн орчин нөхцөлд хүүхдийн оюун ухаан дасан зохицож, хүүхдийн хөгжил хэрхэн явагдах, хэн болох нь шийдвэрлэгддэг. Монголчууд сайн хүний үр сүүт гүүний унага гэж ярьдаг.
Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж “Жаргалтай гэр бүл” номыг бид  гаргасан. Энэхүү ном Ханьсаж амьдрах хамтын заяа, Сэтгэл жаргааж хайр бялхаах үрийн заяа, Ураг батжиж ухаан саруулжих удмын заяа, Саруул сайхан эрүүл байх насны заяа, Амьдрал тэтгэх буян заяа гэсэн таван  бүлэгтэй. Гэр бүлийн амьдрал, өдөр тутмын ахуй нөхцөлд хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг багтаасан 17 орчим хэвлэлийн хуудас бүхий ном болсон. Ном сумдад тараагдсан байгаа.
-Хөтөлбөрийг хаанаас санхүүжүүлж байгаа вэ?
-Одоогийн байдлаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бүрэн санхүүжүүлж байна. Жаргалтай гэр бүл гэсэн ном гарсан байгаа. Үүнийг 30-аад сая төгрөгөөр хэвлэсэн. Иргэдэд энэ ном мэдээлэл өгч Жаргалтай гэр бүл болоход нь томоохон мэдээлэл бүхий үнэт зүйл байх болно. Түүнчлэн  хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр зуу гаруй сургагч багшийн зардал гээд эхний санхүүжилтийг гишүүн маань өөрөө гаргаж байна. Хөтөлбөрийг санаачлагч гишүүн маань орон нутгийнхаа ард иргэдийн амьдрал ахуй түвшин сайхан байгаасай, Завхан нутгийн хүүхдүүдийн хөгжил хамгаалал сайжраасай гэсэн сэтгэлийг гаргаж сайхан хөтөлбөр эхлүүлсэн нь үнэхээр цаг үеэ олсон ажил болж байна. Цаашид бид олон улсын байгууллагуудын санхүүжилт, орон нутгийн байгууллагын тодорхой төсөв санхүүг энэ хөтөлбөрлүү чиглүүлэх гэх мэт тал талаасаа боломжоороо хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Жаргалтай гэр бүл хөтөлбөрийн үр дүн юу вэ?
-Хүнд оюун санааны хөрөнгө оруулалтаас илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж байхгүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр үндсэн гурван үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Нэгдүгээрт, Завхан аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурна, хоёрдугаарт, гэр бүл салалт багасна, гуравдугаарт, гэр бүл дэх хүүхдийн хөгжил хамгаалал сайжирна, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин нэмэгдэнэ.
-Таны хувьд гэр бүлийн чиглэлээр судалгаа хийдэг багш, судлаач хүн юм байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гэр бүлд тулгамдаж буй асуудал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Судалгаанаас үзвэл хотод төвлөрөл нэмэгдэх, хөдөөд хүн ам сийрэгших, ураг төрлийн харилцаа хөндийрөх, цус ойртох, гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөх, бэлгийн харилцаанд эрт орох, гэр бүл салах, хараа хяналтгүй хүүхэд нэмэгдэх, шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн эрх зүйн маргаан өсч байна.  Хамгийн ноцтой асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл, таагүй харилцаанаас болж хүүхэд сэтгэл зүйн дарамтанд орох, хайр халамжаар дутах, тайван эрүүл орчинд сурч хөгжих, аж төрөх үндсэн эрх нь зөрчигдөж, ээж ааваасаа тусдаа амьдардаг тавиул хүүхдүүд нэмэгдэж байна.  Манай улсад гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоо бий болсон ч гэр бүлд тохиолдсон бодит асуудлыг шийдвэрлэхэд нь үр дүнтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй, бодлого тодорхой бус, салбар хоорондын уялдаа байхгүй байна. Гэр бүлийн сэтгэл зүй, гэр бүлийн харилцааны чиглэлээр туслалцаа үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсон хүчин дутмаг сургалт мэдээлэл хүргэх тогтолцоо төлөвшөөгүй байна. Гэтэл Дэлхийн ихэнх улс орнууд өсвөр үеийнхэн болон залуусыг гэрлэлтэнд бэлтгэх сургалтыг албан ёсны сургалтын тогтолцоондоо багтаан оруулсан байхаас гадна гэр бүлийн сөрөг асуудлыг бууруулахын тулд иргэддээ гэр бүлийн боловсрол олгодог төвүүдийг олноор байгуулсан байдаг. Тогтвортой гэр бүлийг дэмжих эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангаж, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг гэрлэгчдэд адил, тэгш хүртээмжтэй, ил тод хэрэгжүүлэх асуудал олон улсын түвшинд голлох болсон.  
-Тэгвэл аз жаргалтай гэр бүлийг цогцлооход хамгийн чухал зүйл нь юу вэ?
-Тэгэлгүй яахав. Хүн машин жолоодохын тулд жолооны дамжаанд суудаг, тэгвэл амьдралын их далайд гэр бүлийг жолоодохын тулд урьдчилсан мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр залуучууд нас биенд хүрэхээрээ гэрлэх болчихлоо гэж боддог. Ээж, эхнэр, аав, нөхөр болоход бэлэн эсэхээ ойлгоогүй, ямар ч бэлтгэлгүйгээр гэр бүл зохиож байна. Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эхлээд гэр бүлийн амьдралд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээж сураагүй хүн гэр бүлийн амьдралыг авч явж чаддаггүй. Тиймээс хамгийн түрүүнд бусдын өмнө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй, дараа нь эсрэг хүйсийнхээ хүний сэтгэл зүйн онцлог, хэрэгцээг мэдэрдэг байх. Мөн бусадтай зохицож амьдрах чадвартай байх, үр хүүхдээ тэжээх, хүмүүжүүлэх санхүүгийн болон амьдах орчныг бүрдүүлснийхээ дараа гэрлэх ёстой. Аз жаргалтай гэр бүл гэдэг бол гэр бүлийн гишүүд бие биедээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван гэр бүлийг хэлдэг.
 -Таны хувьд гэр бүлийн асуудал дээр хамгийн их санаа зовдог зүйл тань юу вэ?
 
-Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол цус ойртолт. Нэг жишээ хэлэхэд, салсан аав ээжийн хүүхдүүд холбоо харилцаагүй байснаас төрсөн ах дүү хоёрын хүүхэд гэрлэхээр зургаан сартай жирэмсэн болчихсон яах учраа олохгүй над дээр ирж байсан тохиолдол бий. Бидний иргэний үнэмлэх дээрх овог бол зохиомол шүү дээ. Гурван нэрийн тогтолцооны утга учир бол цус ойртолтоос сэргийлэх явдал юм. Өнөөдөр Монгол хүний генийн сан муудаж байгаа. Хүний мөс чанаргүй болж байгаа явдал бол цус ойртолттой холбоотой. Монгол улс малын удмын сангийн хуультай атлаа Монгол хүний удмын санг хамгаалах хууль одоо хүртэл гаргаагүй байгаад судлаач хүний хувьд маш их санаа зовнидог. Тэгэхээр гэр бүл, хүүхдийн асуудал бол Монгол Улсын тусгаар тогтнол юм гэдгийг хүн бүр зүрхэндээ хадгалах хэрэгтэй байна.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд