top banner

Сурагчид англи хэлний мэдлэгээрээ өрсөлдлөө


2018-03-07 14:12:47
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Гадаад хэлний сарын аяны хүрээнд наймдугаар ангийн сурагчдын дунд Spelling Bee буюу Үг үсэглэх тэмцээн зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Bookbridge Language Learning Center сургалтын төв хамтран явуулсан уг тэмцээнд нийт 15 сургуулийн 93 сурагч оролцлоо. Шүүгчээр БСУГ-ын мэргэжилтэн, Энх тайвны корпусын мэргэжилтэн багш нар, Bookbridge Language Learning Center сургалтын төвийн багш ажилласан байна.

Тэмцээний тэргүүн байранд Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагч. Г.Халиун, дэд байранд Дадал сумын ЕБС-ийн сурагч Р.Сувд, гуравдугаар байранд Хэрлэн нэгдүгээр сургуулийн сурагч С.Тэргэл нар шалгарч Bookbridge Language Learning Center сургалтын төвд 30-100 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэд боллоо. Мөн тусгай байранд Батноров сумын ЕБС-ийн сурагч Д.Отгон-Эрдэнэ, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн сурагч Д.Бямбадэмбэрэл нар шалгарчээ.

Зургаан жилийн туршлагатай Bookbridge Language Learning Center сургалтын төв нь 2015 оноос “Номын гүүр” сангийн төсөл хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Тус сургалтын төвийн гол онцлог нь хүүхэд залуучуудад зөвхөн гадаад хэл заахаас гадна тэднийг багаар ажиллах ур чадварт сургах, зөв хүн болж төлөвших, сайн дурын ажилд идэвхтэй оролцуулах зэргээр цогц хөгжихөд нь тусалж дэмжиж байдаг юм.
2017 оны байдлаар тус сургалтын төвөөр нийт 400-аад суралцагч үйлчлүүлж, улс аймгийн чанартай англи хэлний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Хэнтий нутгийнхаа нэрийг гаргасаар байна.
Д.Одонтунгалаг


Монгол брэнд