top banner

Өндөр гэгээн дуулалт жүжиг Монголын шилдэг бүтээлийн нэг боллоо хэмээв


2018-03-07 14:32:21
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. “Өндөр гэгээн” анхны дуулалт жүжгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчид, уран бүтээлчид, хандивлагчдын тусламж дэмжлэгээр Улиастайн төв Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа амилж үзэгчдийн хүртээл болоод байна.  
Өндөр гэгээн Занабазар нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан түүхэн хүмүүсийн нэг бол төр нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт юм. 1640 онд таван  настайдаа анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд заларч бурхны шашны таван их ухаанд нэвтэрчээ. Мөн өндөр гэгээн Занабазар 1686 онд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Соёмбо үсгийг зохиож, 1696 онд Монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалиа айлдаж, 17 насандаа Төвхөний хийд, 19 настайдаа Хэнтийн нуруунд Их хүрээг, 67 настайдаа Зүүн хүрээг тус тус байгуулж Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн ажээ.  Тэрээр шашны тэргүүн төдийгүй, зураач, уран барималч, хэл шинжлэлч гээд олон талын авьяастай соён гэгээрүүлэгч юм. Энэ түүхэн хүний тухай “Өндөр гэгээн” дуулалт жүжгийн зохиолыг Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичиж, ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажилласан байна. “Өндөр гэгээн” жүжгийн зөвлөх багаар Улсын Драмын Эрдмийн театр ажилласан бол бүх дүрдүүдэд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын залуу уран бүтээлчид тогложээ. Төслийн ерөнхий удирдагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий продюсерээр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, гүйцэтгэх продюсерээр Завхан аймгийн ХЖТ-ын дарга Г.Солонго, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, Бүжиг дэглээчээр Завханы театрын бүжиг дэглээч СТА В.Энхтайван, А.Отгон нар ажилласан байна. "Өндөр гэгээн" жүжиг Завхан аймгаар овоглогдож Монголын тайзнаа гарч буй хамгийн том дуулалт жүжиг болсныг зохион байгуулагчид онцоллоо.
Завхан аймаг халхын тамгатай 13 хутагтын 10 нь төрсөн оюуны их энергийн төв юм. Энэ л орон нутагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулснаар Очирваанийн авшигтай Завхан нутагт залран ирж буйд  иргэд талархлаа илэрхийлж байлаа.  
Мөн үеэр жүжгийн зохиолыг бичсэн Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржид энэ үеэр уянгын яруу найргийн ноён оргил, төрийн соёрхолт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг олголоо.
Энэхүү түүхэн уран бүтээлийн санхүүгийн ивээн тэтгэгчээр LCB ХХК, "Харганат" ХХК, "Бэрсүм" ХХК, "Зост Өргөө" ХХК, "Завхан АЗЗА" ХХК ажиллалаа. Жүжгийг олны хүртээл болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочид, уран бүтээлчид, ивээн тэтгэгчдэдээ өндөр гэгээний Эрдэнийн соёмбо үсгээр бичигдсэн Жанлавцогзол судрыг бэлэглэлээ.
Ийнхүү Монгол Улсын шашин төр, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, уран бүтээлийг харуулсан "Өндөр гэгээн" түүхэн дуулалт жүжгийг анх удаа тайзны уран бүтээл болгосноороо Завхан аймаг Монголын соёл урлагийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Дашрамд жүжгийн нээлтийн үйл ажиллагаа Улиастай хотод энэ сарын 5-ны өдөр болж Монголын театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтанд жүжгийн уран бүтээлчид амжилттай оролцлоо. “Гэгээн муза” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтын шүүгчээр УДЭТ-ын уран сайхны удирдагч, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, урлаг судлаач Д.Мягмарсүрэн, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбат нар ажиллалаа. Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд театрын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бүтээлч, оюунлаг Завхан нутгийн ард түмэнд энэ үеэр чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд