top banner

"Буянтай ээж"-үүдийг өргөмжлөв


2018-03-07 17:58:08
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас "Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын жүлжээ"-тэй хамтарч олон хүүхэд төрүүлж өсгөсөн, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 24 эхийг "Буянтай ээж" цол тэмдгээр шагналаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, ЗДТГ-ын дарга Х.Тилеген нар Хөгжимт драмын театрт болсон баярын хурлын үеэр өнөөдөр  гардууллаа. Хурлын дарга Д.Бауыржан хэлсэн үгэндээ: "Хацар гоо охид, хатан заяат ижий та нар минь өндөр төрийн хатан ухаан, өргөө гэрийн өмөг түшиг, өлгий нутгийн өнгө жавхаа билээ. Өгөөмөр их хайраар тань Өлгий нутаг маань өнгө зүсээ тольдож, өдрөөс өдөрт хөгжиж, өөдрөг ирээдүйг бүтээж байна" хэмээлээ.

Мөн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны "Хүндэт тэмдэг"-ээр 5, Монголын "Дархан ээж" холбооны гурван удаа завсаргүй нуган үр төрүүлсэн эхчүүдэд олгодог "Дархан ээж" шагналаар 9, Монголын казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны "Үзэсгэлэнтэй ээж" шагналаар 4, тус холбооны "Хүндэт тэмдэг"-ээр 8, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны "Энэрэлт эх" шагналаар 54 эх тус тус шагнууллаа. 

Шагнал хүртсэн эхчүүд өөрсдийн сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ.

Бөдөөгийн Янжив /88 настай/: "Би энэ жил 88  настай. Тус аймгийн Алтай сумын уугуул. Цагтаа нэгдэлд малчин, саальчнаар олон жил ажиллаж төрдөө хүчин зүтгэлээ. Миний хөдөлмөрийг үнэлж хүндэтгэл үзүүлж байгаа төр засагтаа баярлалаа. Улс орон маань хөгжин цэцэглэж, улам өргөжөн мандан бадрах болтугай".



Аттыбайн Кашу /86 настай/: "Эмэгтэйчүүдийн баяраар "Буянтай ээж"-ээр алдаршуулсан явдалд баярлаж байна. Өөрөө Толбо сумын иргэн. Есөн хүүхэд төрүүлж өсгөлөө. Залуудаа "Улсын тэргүүний саальчин"-аар тодорч байв. Баян-Өлгий аймгийн болон Монголын нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэе. Охидод хандаж хэлэхэд эрдэм номдоо шамдан суралцаж, улс орныхоо төлөө ихийг хийж бүтээгээрэй гэж энэ дашрамд хэлмээр байна" гэлээ.

Ө.Нурболат



Монгол брэнд