top banner

Хорт бодис алдагдсан байж болзошгүй уурхайг түр хаалаа


2018-03-09 10:33:29
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багт орших “Спейшл майнз” ХХК-ны Цагаан цахирын уурхайгаас хордлогын шинж илэрсэн /цианидад хордсон гэх/ гурван ажилтан эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. 
Тус компаний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас химийн хортой бодис Цианит натри алдагдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нарийвчилсан хяналт шалгалт хийж, хэрэг үүсгэн шаардлагатай шинжилгээг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэх арга хэмжээ авахаар болжээ. 
Ийнхүү өнөөдрөөс буюу гуравдугаар сарын еснөөс эхлэн дээрх компаний үйл ажиллагааг зогсоож, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөн болон технологийн горим алдагдсан эсэх, химийн хортой болон аюултай бодис ашиглах, хадгалах үндсэн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлыг хийхээр болсон байна. Мөн үйлдвэрийн орчимд хордсон байж болзошгүй талбайг тогтоож хордлогыг саармагжуулах, хоргүйжүүлэх ажлыг “Спэйшл майнз” ХХК-нийн мэргэжилтнүүд болон мэргэжлийн бусад байгууллагыг оролцуулан зохион байгуулах аж.
Тус уурхай нь аймгийн төвөөс 50 км, Баян-Овоо сумаас 40км зайд оршдог. Уурхайд тэсэлгээний ажлыг “Давхар тэсрэлт” ХХК хариуцан ажилладаг байна.
Б.Мөнхзул

Монгол брэнд