top banner

"Бүсгүйчүүд" хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа


2018-03-09 10:33:44
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Эрдэнэбулган сумын соёлын төвтэй хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "Бүсгүйчүүд" хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь охид, эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, эмэгтэй хүний мөн чанар, давуу тал, үүрэг хариуцлага, гоо сайхан болон ёсзүйн талаар ойлголт мэдээлэл өгөх, тэдний дуу хоолойг сонсоход чиглэсэн байна.

Энд Архангай аймгийн 47000 гаруй охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болох 300 гаруй бүсгүйчүүд оролцлоо.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Уранцэцэг “Эрхэмсэг оршихуйн үнэ цэнэ”, ахлах мэргэжилтэн Г.Оюуннаран “Эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал” зэрэг илтгэлүүдийг тавьж, бүсгүйчүүдийн 3 үеийн төлөөлөл Ахмадын холбооны тэргүүн О.Даваасүрэн, “Гурвантамир” сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнхнаран, Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч н.Дэлгэрмаа нар арга хэмжээнд оролцогчдод хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Арга хэмжээний үеэр хамгийн өндөр настай эмэгтэй, хамгийн залуу эмэгтэй, хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж болон өөр гурван азтанг шалгаруулж гарын бэлэг гардуулав.

"Бүсгүйчүүд" хүндэтгэлийн арга хэмжээг Дэлхийн зөн Архангай ОНХХ-2 ивээн тэтгэж оролцжээ.
 
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд