top banner

Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ


2018-03-09 10:54:38
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагтай хөрш зэргэлдээ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын шүлхий өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Улсын хэмжээнд цор ганц эрүүл бүсээр үлдээд байгаа Баянхонгор аймаг мал амьтны энэ халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.
Өчигдөр хуралдсан Баянхонгор аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны дараа Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарч, мал эмнэлгийн ариун цэврийн хяналтын зүүн цэгийг Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд нүүлгэн шилжүүлж, тухайн сум дахь цэгтэй хамтран ажиллуулахаар болжээ. Мөн бүс нутгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт ихэсч, хамрах хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг сумдын онцгой комисс, мэргэжлийн анги байгууллагуудын өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймгийн нийт удирдлагууд, холбогдох албаныханд анхаарууллаа.
Малын гоц халдварт шүлхий өвчний голомт бүхий газраас нэвтрэх мал, амьтан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих хөдөлгөөнт эргүүлүүдийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гаргаж ажиллахыг Эрдэнэцогт, Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг сумын Засаг дарга нарт даалгасан байна.
Мөн аймгийн аюулгүй нөөцийн өвсөнд шинжилгээ хийх, аймагт ирж буй өвс, тэжээлийн гарал үүслийг шалган, шаардлагатай тохиолдолд нарийвчилсан шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргаж ажиллах аж.
Түүнээс гадна аймгийн нутаг дэвсгэрээс гарч буй малын хөдөлгөөнд хяналт тавьж, гэрэл зургаар баримтжуулж, эргэж нэвтрэхэд нь мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүрт нь хийж хэвшүүлэхийг ХХААГ болон сумдын Засаг дарга нарт даалгав.
                                                                                                                                       Б.Мөнхзул

Монгол брэнд