top banner

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны Ерөнхийлөгч Ховдын сэтгүүлчидтэй уулзлаа


2018-03-09 11:10:18
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны ерөнхийлөгч С.Шаравдорж удирдах зөвлөлийн дарга Баярсайханы хамт Ховд аймагт ажиллаж тус аймгийн сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрээр Орон нугтийн хэвлэл мэдээллийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан улсын зөвлөлгөөн, чуулганы талаар мэдээлэл хийж, орон нутгийн сэтгүүлчдийн өмнө тулгамдаж байгаа хараат бус хэвлэл мэдээлийг хөгжүүлэх, улс төрчдийн нөлөөнд автагдахгүй байх, эдийн засгийн хямралыг даван туулах талаар санал бодлоо хуваалцлаа.
Орон нутгийн хэвлэл мэдээлийн холбооны /ОНХМХ/ Ерөнхийлөгч С.Шаравдорж “Уг холбоог байгуулах санал анх 1997, 1998 оны үед Монголын хэвлэлийн хүрээлэнд болсон сэтгүүлчдийн сургалтын үеэр гарч байсан. Тэр үед Ховд, Дорнод, Сэлэнгэ, Эрдэнэт аймаг хотуудаас ирсэн орон нутгийн сэтгүүлчид бүх аймгийн сонин зогсонги байдалд орчихсон байсныг сэргээх талаар зөвлөлдөж Мэдээллийн эрин төв /МЭРИ/ үүсгэн байгуулж байсан юм. Үүний дараахан орон нутагт аймгуудын сонин гаргаж байсан мэргэжлийн сэтгүүлчид орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт, зөвлөлгөөн хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулж харанхуй аймгийг гэрэлтэй болгох талаар санаа нийлж, анхны дугааруудаа МЭРИ төвөөр дамжуулан хэвлүүлж орон нутгийн сонинуудыг амилуулж байсан түүхийг энэ уулзалтаар хуваалцлаа. Тэр үед орон нутгийн сэтгүүлчид "аймаг сонингүй байснаас даргагүй байсан нь дээр" гэдэг үг хүртэл гарч байсан юм. Тэр цагаас хойш 15 жил өнгөрч анх 2-3 аймаг сонинтой байсан бол одоо бүх аймгийн сонин тогтмол гарч өөрийн гэсэн орон зай, уншигчидтай болсон" хэмээн ярилаа.
Түүнчлэн Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо МСНЭ-ийн удаа дараагийн их хуралд оролцохдоо Монголын сэтгүүлчдийн эвлэл орон нутгийн хөдөөгийн сэтгүүлчдийн талаар бодлого шийдвэр нь дутмаг байж, нийслэлийн сэтгүүлчдэд зориулсан сэтгүүлчдийн холбоо болсон талаар удаа дараа өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж хоёр хэсэг байсныг нэгтгэж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болгоход хөдөөгийн сэтгүүлчид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байсан удаатай.
Мөн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Хэвлэлийн  Хүрээлэн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Глобинтернэшнль, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагууд хөдөөгийн сэтгүүлчдийг чадавхжуулах талаар олон дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Энэхүү уулзалтын дараа ОНХМХ-ны шинэ дүрмийг танилцуулж, орон нутагт салбар зөвлөл байгуулах талаар сэтгүүлчдийн саналыг сонсож, дүрмийн дагуу Ховдын сэтгүүлчид өөрсдийн шийдвэрээр ОНХМХ-ны салбар зөвлөл байгуулж, Эко ТВ-ийн сэтгүүлч Г.Алтанзаяаг ОНХМХ-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргаар сонгов.
ОНХМХ–ны Ерөнхийлөгч Баруун бүсийн Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж сэтгүүлчидтэй уулзах юм.
                                                                                               А.Бямбасүрэн

Монгол брэнд