top banner

Архангайн Хотонт суманд 122 мал устгажээ


2018-03-09 12:47:27
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор өнөөдөр өглөө хуралдлаа. Хотонт сумын Бургалдай, Өгийнуур сумын Дойт багуудад шүлхий өвчин гарч энэ сарын 3-ны өдрөөс аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх сумдын өвчний голомтод нийт 12 өрх орсон байна. Энэ сарын 8-ны байдлаар Хотонт сумын Бургалдай багийн Дойтын үзүүрт нутаглах малчин Т.Батжаргалынд өвчилсөн 66 малыг устгасан байна. Мөн Д.Мягмардорж, н.Батбилэг, М.Бөхбат, Ч.Гэрэлцог, Л.Алтантуяа нарын малчны хотонд өвчилсөн 33 үхрээс 5 үхрийг устгалд оруулжээ. Харин Б.Анхбаяр, У.Чанарав нарын малчны нийт 147 мал өвчилснийг ялган тусгаарлалт хийсэн байна.

Хотонт сумын голомтын бүсд аймгийн мал эмнэлгийн албанаас 16500 тун вакциныг Хөөвөр, Бургалдай, Хотонт сумын голомттой бүсийн нийт 3464 малд вакцин хийсэн байна. Ойрын хоёр өдөрт вакцинжуулалтыг хийж дуусгана гэж байна. Хотонт сумын тухайд өнөөдрийн байдлаар нийт 122 малыг устгажээ. Өгийнуур сумын устгал өнөөдрөөс эхлэх юм байна.

Өгийнуур сумын хэмжээнд 5 багийн 275 өрхийн 4934 толгой үхэр, 8827 хонь, 4921 ямааг малчдаар нь үзлэг хийлгэжээ. Дойт багийн 110 өрхөд малын эмчийн үзлэг хийснээс 3 өрхийн 110 үхэр, 2 ямаа, 2 хонь өвчилснөөс 34 үхэр үхэж, үзлэгээр өвчтөй болох нь тогтоогдсон 76 үхэр, 2 ямаа, 2 хонийг тусгаарласан байна.

Тус суманд энэ сарын 6-нд 2500 тун вакцин ирснээс голомтын бүсд эрүүл малд хийлгэхээр 30 өрхийн 600 үхэрт 600 тун вакцин, сэжигтэй бүсд байгаа 262 өрхийн 6372 үхэрт хийлгэхээр 1900 тун вакциныг хуваарилсан ба өнөөдрийн байдлаар 982 үхэр, 780 хонь, 351 ямаа гээд нийт 2113 малд вакцин хийжээ.  

Хорио цээрийн бүсийг тогтоосноос хойш хүн малын хөдөлгөөнийг хорьж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар 5 сая төгрөгийн зардал гарсан ба өдөр бүр зардал гарч байгаа учраас аймгийн Онцгой комиссоос тухай бүр нь шийдэж өгөхөөр боллоо.

Шүлхийн өвчин анх гарсан шалтгааныг өвс болон цагаан зээрээс гарсан гэж иргэд буруу ойлгож байгааг аймгийн Онцгой комиссын хурал дээр ярьж, иргэдэд зөв мэдээлэл өгөх талаар ярилаа. Өвс юмуу цагаан зээрээс өвчин дэгдээгүй, зөвхөн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж цохон хэллээ. Энэ асуудал дээр аймгийн Тагнуулын газар, Цагдаагийн газар хамтран ажиллаж байгаа бөгөөд малчдын аман мэдээллээр “Булган аймгийн дугаартай машин хойноосоо Өгийнуурын Дойтоор орж айл асуун сураглаж явсаар Бургалдай багаар гарч явсан нь шүлхий өвчин гарах үндэс болсон. Цаашид үргэлжлүүлэн шалгаж байна” гэдгийг дээрх байгууллагуудын зүгээс хэлж байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд