top banner

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд зориулсан сургалт болов


2018-03-09 13:44:14
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд албан ёсоор бүртгэлтэй байдаг. Тус хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан сургалтыг Монголын “Дауны холбоо” ТББ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс, Дархан, Орхон аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, JCI Найрамдал салбарууд хамтран энэхүү сургалтыг зохион явуулсан байна.

Хөдөө орон нутагт суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд болон эмч багш, нийгмийн ажилтан, төрийн үйлчилгээг хүргэдэг ажилтнуудад Дауны хам шинж, аутизмын талаар мэдлэг олгож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, эрхийг хамгаалах чиглэлээр цэгцтэй ойлголт өгөх, нийгэмд тэгш хамруулах зорилготойгоор тус сургалт явагджээ.

Аливаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх арга зам, тэдний боловсрол, эрүүл мэнд, эрхийг хамгаалах тал дээр хөдөө орон нутгийн гэр бүлүүд, эмч багш нийгмийн ажилтан болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудад нэн шаардлагатай ойлголт мэдлэг олгоход сургалтын онцлог оршсон байна.

Манай аймагт 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс дауны синдромтой 22, аутизмтай 12 хүүхэд амьдардаг байна.

Гэвч эдгээр хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид тэр бүр ийм төрлийн арга хэмжээнд оролцох нь бага, эсрэгээрээ нийгмээс тусгаарлагдах нь их байдгийг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны зохицуулагч хэлж байсан юм. 
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд