top banner

Сум бүр тулгамдаж буй гурван асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой боллоо


2018-03-09 15:14:34
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн сум бүр нэн тэргүүний тулгамдаж буй гурван саналыг авч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт боловсруулан төлөвлөгөөнд оруулж шийдвэрлэхээр болжээ. Санхүүжилтийг нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргах аж. Онон голын сав газарт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, түүний илрүүлэлтийг сайжруулах нь” сэдэвт уулзалт зөвлөлгөөний үеэр шийджээ.

Тус арга хэмжээг Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, аймгийн БОАЖГ хамтран зохион байгуулж, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ санхүүжүүлж оролцсон байна.

Зөвлөлгөөнд Баян-Адрага, Дадал, Норовлин, Батширээт, Биндэр сумд, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0287-р анги, Онон голын сав дагуух сумдын удирдлагууд нутгийн иргэдийн төлөөллүүд болон Хэнтий аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.

Оролцогчид Байгаль хамгаалах чиглэлээр ажил хийхэд хөрөнгө санхүүжилт дутмаг, унаа техник хэрэгслийн хувьд хангалтгүй, ажиллаж байгаа албан хаагчдын орон тоо бага учраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийхэд хүндрэлтэй байдгийг дуулгалаа. Мөн цагаан зээрний төлбөр хэт өндөр, гахайны агнах зөвшөөрөл цөөн, бор гөрөөсний эрхийн бичгийн үнэ өндөр, тарвага тоолох ажлыг эрчимжүүлэх, тарвагыг үржлийн үед нь агнадгийг зогсоох зэрэг хууль бус агнуур болон түймрийн асуудлуудыг хөндөж байлаа.

Тус зөвлөлгөөнөөр Онон голын сав газарт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлт болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулах зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэлээ.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд