top banner

Буянтай ээжүүдийг алдаршуулав


2018-03-09 16:00:00
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Гал Голомт" Хөдөлгөөний Говь-Алтай аймгийн салбараас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Алтай нутагтаа олон хүүхэд төрүүлж өсгөн үр хүүхэд, ач зээ нараа тойруулан өндөр насалж буй эхчүүдийг алдаршуулах зорилгоор "Буянтай ээж" арга хэмжээг зохион байгууллаа.
Жил бүр уламжлал болгон зохиогдоод 10 гаруй жил болж байгаа энэ удаагийн үйл ажиллагаанд аймгийн сум болон хөдөө сумдаас олон сайхан ээж хүрэлцэн ирж оролцлоо. Энэ жилийн "Буянтай ээж"-ээр Бигэр сумын П.Дархижав, Ж.Лхамаасүрэн, Х.Рэнцэн, Шарга сумын Г.Лханаа, Тонхил сумын Ч.Мажаа, Цогт сумын Т.Должин, Халиун сумын Я.Нямсүрэн, Н.Сурмаажав, С.Түмэнтогтох, Жаргалан сумын Д.Рэнцэнханд тэргүүтээ ээжүүд өргөмжлөгдөн, эрхээ хамгаалах өдрөөрөө үр хүүхдийнхээ хамтаар баяр хөөртэй өнгөрүүлэв.
"Гал Голомт" Хөдөлгөөний аймгийн салбараас зохион байгуулсан "Буянтай ээж" арга хэмжээг аймгийн Засаг дарга, түүний Тамгын Газрын хамт олон, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ивээн тэтгэжээ.
Үйл ажиллагааг зохион байгуулахад Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Есөнбулаг сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, Алтай Швейцарь сан, Эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээний салбар, Цагдаагийн хэлтэс, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын хамт олон дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулсан байна.  
Тус арга хэмжээний үеэр таваас дээш хүүхэд нь цэргийн алба хаасан Т.Должин, Ж.Лхамаасүрэн нарт аймгийн Цэргийн хэлтсийн хамт олноос хүндэтгэл үзүүллээ.
 
Э.Нарангэрэл

Монгол брэнд