top banner

“Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдаанд 200 гаруй захидал иржээ


2018-03-09 17:10:20
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгэм, улс төр, танин мэдэхүйн мэдээллийн 10 хоног тутмын “Архангайн толь” сонин, аймгийн Номын сантай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” аймгийн захидлын уралдааны дүн гарлаа. Насанд хүрэгчид, хүүхдийн гэсэн ангиллаар 2014 оноос хойш уламжлан зохиож буй энэ удаагийн уралдаанд нийт 200 гаруй захидал иржээ.

Уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудад эх үрийн нандин холбоог мэдрүүлэх, ээждээ хэлж чадаагүй сэтгэл зүрхний үгээ захидлаар дамжуулан илэрхийлэх боломж олгох цаашлаад эх хэлээрээ зөв, сайхан бичих, уран яруу үг хийгээд найруулга зүйн хэм хэмнэлийн чадварыг нэмэгдүүлэхэд оршдог байна. Түүнчлэн захидал гэдэг нь сэтгэлийн гүн дэх үнэн үгээ илэрхийлэх боломж олгодог харилцааны нандин хэрэглүүр гэдгийг ойлгуулах зорилготой юм.

Аймгийн хэмжээнд явагддаг захидлын уралдаанд энэ жил Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас захидал ирсэн нь уралдааны цар хүрээ тэлж буйг харуулж байгаа юм.
Ингээд шилдгүүдийг шалгаруулахад Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн 6а ангийн сурагч Ж.Тэмүүжин энэ жилийн “Онцлох” захидлын эзнээр тодорчээ.
Харин хүүхдийн насны ангилалд лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Д.Ринчендоржийн ээждээ бичсэн захидал нэгдүгээр байранд орсон бол насанд хүрэгчдийн ангилалд ээждээ бичсэн захидлаараа лаборатори нэгдүгээр сургуулийн багш Ц.Цэрэнбалжид түрүүлсэн юм. Шалгарсан захидлыг “Архангайн толь” сониндоо нийтэлж, телевизийн нэвтрүүлэг болгон гаргах юм. Мөн бусад захидлуудыг ээжүүдэд нь дамжуулж өгөх ажээ.

Захидлын уралдааныг Б.Хүрэлхуяг захиралтай “Бага Рашаант” ХХК, С.Раднаа захиралтай “Хадат Хужирт” ХХК, П.Төмөрцэцэг тэргүүнтэй “Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ, “Ар тооромт” эмнэлэг, Б.Буян-Ундрах захиралтай “Амтлаг” бэйкэри, Мобиком корпорацийн Архангай салбарын хамт олон, МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сэтгүүлч Б.Гэрэлт-Од, “Миний Архангай” үндэсний тоглоомыг үүсгэгч Х.Батбаяр, Эрдэнэмандал сумын ИТХ-ын төлөөлөгч М.Батдорж, Цахир сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Баянмөнх нар ивээн тэтгэжээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд