top banner

Жүдо бөх, хөнгөн атлетикийн спортын мастер Ц.Нэргүйбаатарын нэрэмжит барилдаан болов


2018-03-09 17:59:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул жүдо бөх, хөнгөн атлетикийн спортын мастер, Биеийн тамир спортын болон Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн тэргүүний ажилтан, аймгийн заан Цэрэннадмидын Нэргүйбаатарын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг гурван насны ангиллаар Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд Хайрхан, Өлзийт, Спортын төрөлжсөн сургалттай сургууль, Батцэнгэл сумын ЕБС-ийн гээд нийт 80 гаруй өсвөрийн бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсан юм.

Ахлах насны ангилалд Хайрхан сумын бөх Г.Баяржаргал түрүүлсэн бол уран барилдааны шагналыг Батцэнгэл сумын залуу бөх Г.Дашлхүмбэ, уран гараа дэвээний шагналыг Спортын сургуулийн бөх н.Баярцогт ту тус авсан байна. Дунд насны ангилалд Батцэнгэл сумын бөх М.Баяржавхлан түрүүлж, уран барилдааны шагналыг Хайрхан сумын бөх Б.Буянцогтдорж, уран гараа дэвээний шагналыг Батцэнгэл сумын Д.Дэлгэрдалай авлаа. Харин бага насны ангилалд Батцэнгэл сумын бөх О.Элбэгбаяр түрүүлжээ.

Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулиас цувралаар уламжлал болгон зохион байгуулдаг дараагийн барилдааныг дөрөвдүгээр сард зохиохоор төлөвлөжээ.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд