top banner

Ээжийгээ баярлуулж гэнэтийн бэлэг барив


2018-03-09 18:08:58
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Энхжин ээждээ сэтгэлийн бэлэг  барьж баярлуулжээ.
Тэрээр аймгийн төв Номын сангаас зарласан “Ээждээ болон эгчдээ өгөх миний бэлэг” уралдаанд түрүүлж ном, өргөмжлөлөөр шагнуулсан байна. Энэхүү уралдаанд нийт 230 гаруй бүтээл иржээ. Б.Энхжин охин ээжийгээ баярлуулахын тулд өнгийн цаасаар сарнай цэцэг урлаж, гарын дорх материал ашиглаж  жижиг ном бүтээснээс гадна өргөмжлөл хийж сэтгэлийнхээ үгийг бичсэн байна.
Номондоо ээжийнхээ хайр татам найман чанарыг бичсэн бол өргөмжлөл дээрээ "2018 оны хамгийн ухаантай, тэргүүний, шилдэг, мундаг ээжээр шалгарч охин Энхжингийн сэтгэлийн бэлгээр шагнав” гэж бичсэн нь шүүгчдийн анхаарлыг татжээ. Харин охин уралдаанд оролцож тэргүүн байрт шалгарснаа ээждээ хэлээгүй бөгөөд ээжийгээ үсчиний газар үсээ засуулж байхад нь  бэлгээ  авчирч өгсөн нь гэнэтийн бэлэг болсон аж. Энхжин нэг ах, нэг эгч, нэг дүүтэй, айлын дунд охин. 
Уралдааны дэд байрт ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 4д ангийн сурагч З.Хосбаяр, гутгаар байрт ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 3а ангийн сурагч У.Үүрцайх, тусгай байрт  ерөнхий боловсролын  гуравдугаар сургуулийн 4в ангийн сурагч Э.Мишээл  шалгарав.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд