top banner

Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэв


2018-03-09 18:17:24
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Архангай аймагт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг “Бөөр ба эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд тэмдэглэж, Нэгдсэн эмнэлгийн дотор, гемодиализийн тасгаас нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, дотрын тасгийн эмч сувилагч нар иргэдэд бөөрний өвчлөл, бөөрний эм бэлдмэлийн талаар сургалт, мэдээлэл өгсөн байна.

Архангай аймгийн хэмжээнд өмнөх онуудын архаг хууч бөөрний өвчлөлийг оруулаад 2017 онд хүн амын өвчлөл дундаас бөөрний өвчлөлөөр нийт 6879 хүн өвдсөн байна. Үүнээс 2017 онд 2270 хүн нь шинээр өвчилсөн байна. Насны хувьд авч үзвэл 0-19 хүртэлх насны 614 иргэн, 20-39 хүртлэх насны 2761 иргэн, 40-59 хүртэлх насны 2760, 60-84 хүртэлх насны 724 иргэн, 85-аас дээш насны 20 иргэн тус тус бөөрний өвчнөөр өвдсөн гэсэн статистик тоо байна. Энэ тоон мэдээллээс харахад 20-59 хүртэлх насны иргэд бөөрний өвчлөлөөр илүү их өвчилдөг нь харагдаж байгаа юм. 

Өнөөдөр дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй, эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын хувьд хүн амын өвчлөлийн жагсаалтаар бөөрний архаг өвчин нь сүүлийн таван жилийн дүнгээр гуравдугаар байранд, хэвтэн эмчлүүлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна. Тиймээс дэлхий нийтээр бөөр хамгаалах өдрийг зарлаж, энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг хандуулдаг байна.

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд