top banner

Удирдах ажилтны сонгон шалгаруулалт болов


2018-03-09 18:22:10
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь зөвлөлөөс  төрийн албаны удирдах ажилтны сул орон тоог нөхөх зорилгоор зарласан төрийн болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах шалгалт энэ оны гуравдугаар сарын 07-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.
Энэ удаа агентлаг, сургууль гээд төсөвт байгууллагын удирдах албаны 20 ажлын ажлын байр зарлагдсанаас 16 ажлын байранд 21 иргэн бүртгүүлж найман ажлын байранд найман иргэн тэнцэж төрийн удирдах албан тушаал хашихаар болов. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөл нь нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон нутагт төрийн албаны хууль тогтоомжийг сахиулах, хэрэгжүүлэх,тэгш байдал, шударга ёсны зарчмыг хангах, ил тод байх, мэдлэг чадвартай төрийн албан хаагчийг ажиллуулах зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг байгууллага аж. 
Дашрамд дурдахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох байгууллагын хамтарсан зөвлөн туслах баг тус аймагт гуравдугаар сарын 05-07-нд ажиллав. Зөвлөн туслах багийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын төв комиссын дарга Б.Баатарзориг ахалж Дорноговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, аймгийн болон Замын-Үүд сумын ЗДТГ, зарим төрийн байгууллагуудын Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлжээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд