top banner

Австрийн дэмжлэгтэй усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжинэ


2018-03-09 18:26:23
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилгоор “Тайшир-Алтай” төслийг Австри улсын 14,0 сая еврогийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжүүлэхээр боллоо.
Ундны усны асуудал нь олон жил Алтай нутгийнхныг хамгийн ихээр бухимдуулж, сэтгэлийг нь чилээж байсан учир Говь-Алтай аймгийн МАН-ын хорооноос УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө онцлон хэрэгжүүлнэ гэдгээ амласан байдаг. Тиймээс ч энэ нь 2018 онд заавал хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудаас хамгийн чухалд нь тооцогдож буй ажээ.
Аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж “Бид орон нутагт тулгамдаж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр  иргэд сонгогчдодоо амлалт өгсөн. Тиймээс ч өнгөрсөн жилүүдэд царцсан барилгуудыг 2017 оноос ашиглалтад оруулсаар байна.
Өнгөрсөн онд улсын төсвөөс 9 тэрбум 395.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад оруулж чадсан. Тэгвэл энэ онд улс, аймгийн төсөв болон хувийн хэвшлийн хөрөнгөөр чамгүй ажлуудыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Алтайчуудын хүлээж буй дараагийн асуудал болсон Алтай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбох ажил байгаа. Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр хүртэлх 130 км зам, Дэлгэр сумаас Байдрагийн гүүр хүртэлх 127,6 км зам энэ онд ашиглалтад орно. Эдгээрээс гадна удахгүй БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Алтай хотод 35МВ-ын дулааны станц барина. Ингэснээр 2500 айлын нийтийн орон сууц, 118 айлын хаус хороолол баригдаж 2030 он гэхэд Алтай хотод шинээр суурьшлын бүстэй болно” гэдгийг онцлов.
 
Э.Нарангэрэл

Монгол брэнд