top banner

Даланзадгадад зогсоолгүй газар тавьсан автомашиныг ачиж, журамлана


2018-03-09 19:46:56
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зогсоолгүй газар тавьсан автомашин болон тээврийн хэрэгслийг ачиж, журамладаг болох гэж байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн харъяанд байдаг автомашин зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа буюу байрыг тендерт сонгогдсон байгууллагад нь шилжүүлэн өглөө. Ингэснээр энэ сарын 20-ноос эхлэн зогсоолгүй газар тавьсан автомашин болон тээврийн хэрэгслийг журамладаг болох юм байна.
Монгол Улсын Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2015 оны 190-р тушаалаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам батлагдсаны дагуу Цагдаагийн байгууллага тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааг хувийн аж ахуй нэгжид шилжүүлэн өгч байгаа юм. Энэхүү журмын зорилго нь замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй үйлдлийг таслан зогсоох, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршдог. Жолооч нар зорчих хэсэгт саад учруулж тээврийн хэрэгслийг түр буюу удаан хугацаагаар байршуулсан, эсрэг урсгалтай 2 эгнээтэй замд тээврийн хэрэгслийг зогсоох, түр зогсохыг хориглох тэмдэгтэй газруудад тээврийн хэрэгслийг зогсоосон тохиолдолд жолооч нарт урьдчилан сануулахгүйгээр албадан ачих юм.
Энэхүү журмын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны захирамжаар ачилгын компанийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд энэхүү шалгаруулалтанд “Аз тэгш” ХХК шалгарсан байна.
Д.Мишигсүрэн

 


Монгол брэнд