top banner

"Таванбогд тува урлаачид" хоршоо бүтээгдэхүүнээ Тува руу экспортолж байна


2018-03-10 17:32:52
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн баруун цэг болох Цэнгэл сумын "Таванбогд тува урлаачид" хоршооныхон өөрсдийн эсгийгээр хийсэн гар урлалын бүтээгдэхүүнүүдээ ОХУ-ын Тува Улс руу экспортод гаргаж эхэлжээ.

Тус хоршоо нь 2015 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10 эмэгтэйг тогтмол ажлын байраар хангаж байна. Эднийх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн төвд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм. Энэ үеэр хоршооны тэргүүн Б.Мөнххүүгээс зарим асуудлуудыг тодруулахад: "Манайх дан эсгийгээр том хүний болон хүүхдийн углааш, гутал, оймс, цүнх, ширдэг, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйл гээд хориод төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Шаардагдах тоног төхөөрөмжөө Улаанбаатар хотоос өөрсдийн хөрөнгөөр оруулж ирсэн. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, нэрийн дэлгүүртэй болохыг зорьж байгаа. Гэвч ямар нэгэн хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй байна" хэмээлээ.

"Таванбогд тува урлаачид" хоршоо нь хялгасгүй ноосыг Улаанбаатар хотоос татаж, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ онцлогт нийцүүлэн эсгийгээ өөрсдөө хийдэг байна. Харин орон нутгийн хонины ноос хялгас ихтэй тул гологддог ажээ. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг "Аватекс-Хайнар-Ноос" компани самнасан ноосоо жижиглэнгээр худалдаалдаггүй бөгөөд бөөнөөр нь авахад хоршооны санхүүгийн боломж хүрэлцдэггүй гэнэ.  

Иймд орон нутгийн энэ чиглэлийн жижиг бизнес эрхлэгчдийг түүхий эдээр хангахыг төр засгийн зүгээс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг тэрээр хэлж байна.


Ө.Нурболат
 



Монгол брэнд