top banner

Шүлхийн голомтод байгаа иргэдэд эмнэлгийн тусламж 24 цагаар хүргэж байна


2018-03-11 19:51:40
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн Хархорин сумын Ганган Орхон багт 284 өрхийн 951 иргэн амьдарч байна. Иргэдэд сумын Онцгой Комиссийн шийдвэрээр ундны усыг 7 хоногийн дөрвөн өдөр тогтоосон цагийн хуваарийн дагуу үнэгүй түгээж, эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг эмч нар 24 цагаар үзүүлж байгаа юм.
Улсын нөөцөд хуваарилсан 500 боодол өвсийг голомтын бүсэд байгаа мал бүхий 39 өрхийн 2387 толгой малд үнэгүй тарааж, 19 өрхийн 382 малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийжээ. Сумын төвийн болон хөдөөний багийн 93 өрхийн 3511 малд урьдчилан сэргийлэх тандалт үзлэг хийж, сэжигтэй зүйл илрээгүй байна.
Мөн ариутгал, халдваргүйтгэлд 4500 м2 талбай, 21 иргэн, 436 автомашиныг хамруулжээ. Хорио цээрийн бүс болон ариутгал халдваргүйтгэх ажилд 10 гаруй машин техник, 50 гаруй албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчид Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу ЦХ-ийн ажилтнуудтай хамтран олон нийтийн эргүүл хийж байгаа аж.
Б.Батчимэг


Монгол брэнд