top banner

Ихэр хүүхдээ айлд орхиод найман сар алга болжээ


2018-03-12 10:35:52
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Ихэр хүүхдээ айлд орхиод явсан залуухан эхэд шүүхээс гурван сарын ял оноохоор шийдвэрлэсэн ч бие давхар тул ялын тогтоолыг хүчингүй болгожээ. 
Тодруулбал, 28 настай иргэн Ц нь ихрүүдийнхээ тэтгэмжийн мөнгө болох 1.8 сая төгрөгөө аваад,  хүүхдүүдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багт оршин суух иргэн Ч-гийн гэрт нэг сар 20-иодхон хоногтой бяцхан үрсээ хаяад явсан байна.
Хүүхдүүдийг асарч үлдсэн иргэн Ч залуухан эхийг буруу замаас нь холдуулахын тулд гэртээ байлгаж, тусалж дэмжиж байсан нэгэн аж. Ихрүүдээ орхиж явснаас нь хойш найман сарын хугацаанд түүнийг эрж сурсаар Улаанбаатар хотод явааг нь мэдэж хүүхдүүдтэй нь уулзуулахаар авчирчээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр иргэн Ц нь сэтгэцийн хувьд архины шалтгаант хараат байдлын хам шинж өвчтэй, өөрийн үйлдлийг үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай гэж үзэж, дээрх хэргийг санаатай үйлдэлд тооцон Сум дундын шүүхээс гурван сарын баривчлах ял шийтгэхээр тогтсон байна. Гэвч иргэн Ц нь одоо таван сартай жирэмсэн тул ял үүрэх боломжгүй болж байгаа юм. Энэ мэтчилэн төрүүлсэн үр хүүхдээ асарч халамжлахаас зугатсан хүмүүсийг хорьж цагдлаа гээд хүүхдүүдэд сайнаар нөлөөлөхгүй тул тэднийг албадан сургалтад хамруулж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх хэрэгтэй гэдэг дээр холбогдох байгууллагууд санал нэгдэж байна.    
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд