top banner

Оёдлын үйлдвэрийн туршилт эхэлжээ


2018-03-12 12:23:46
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Сүхбаатар Про импекс" компанийн оёдлын үйлдвэрийн хатуу оёдлын цехийн үйл ажиллагаа эхэлжээ. Одоогоор уул уурхайн баяжмалын шуудайг туршилтаар үйлдвэрлэж байна. Туршилт нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Хатуу оёдлын цехийн эцсийн бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад нийлүүлэх юм. Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хамгийн том уул уурхайн компани болох "Цайрт минераль" ХХК сард 5000 ширхэг баяжмалын уут ашигладаг байна.

“Хатуу оёдлын чиглэлээр мэргэшсэн хоёр багш Улаанбаатар хотоос ирж манай хүмүүсийг сургаж, дадлагжуулж байна. Туршилт маань амжилттай үргэлжилж байгаа. Хэдий туршилт ч гэлээ бид энэ хугацаанд эхний ээлжинд 1000 ширхэг уутыг "Цайрт минераль" компанид нийлүүлэх бодолтой байгаа. Тэд ашиглаж туршиж үзээд шаардлага хангалаа гэж үзвэл бүтээгдэхүүн авах, нийлүүлэх гэрээгээ байгуулах юм” гэдгийг оёдлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ж.Сүхчулуун хэлэв.

"Сүхбаатар Про импекс" оёдлын үйлдвэр нь хатуу болон зөөлөн гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Хатуу оёдлын цехийн ажил жигдэрсэний дараа зөөлөн оёдлын цехийн ажиллагааг эхлүүлэх юм байна.
Т.Одончимэг

Монгол брэнд