Хятад улс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулав

Хилийн чанадаас
173@montsame.mn
2018-03-12 13:14:16
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг өчигдөр зохион байгуулагдсан XIII удаагийн БХАТИХ-ын хуралдаанаар санал хурааж шийдвэрлэлээ. Уг санал хураалтаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэсэн санал дэмжигдсэн бөгөөд сөрөг саналын тоо түүхэндээ хамгийн бага байв.
Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дүнд Ши Жиньпин 2022 оноос хойш Хятад улсыг үргэлжлүүлэн удирдах эрх зүйн үндэс бий боллоо. Учир нь БНХАУ-ын Үндсэн хуульд заасан “БНХАУ-ын дарга, дэд дарга дээд тал нь хоёр дарааллаж үүрэг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон юм.  
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн санал ердөө хоёр байсан бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт болсон юм. Энэ удаагийн БХАТИХ-ын хэлэлцэх хамгийн чухал асуудал болох Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгад Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 2964 БХАТИХ-ын гишүүд оролцов. Үүнээс дэмжсэн 2958, эсэргүүцсэн 2, түдгэлзсэн 3, хүчингүй 1 санал тоологдсон байна.
    Хятад улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан бөгөөд 1988 онд эсэргүүцсэн 22, түдгэлзсэн 16, 1993 онд эсэргүүцсэн 8, түдгэлзсэн 36, 1999 онд эсэргүүцсэн 21, түдгэлзсэн 24, 2004 онд эсэргүүцсэн 10, түдгэлзсэн 17 санал тоологдож байжээ. Үүнээс Ши Жиньпиний ард түмний дундах нэр хүнд ямар өндөр байгааг харж болохоор байна.
      Үүнээс гадна Үндсэн хуулинд Ши Жиньпиний Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа, Шинжлэх ухаанч үзэл санааг тусгасан. Мөн нэгэн чухал өөрчлөлт бол Үндсэн хуулийн 3-р бүлэг, Төрийн байгууллагын тухай хэсэгт “Хянан байцаах зөвлөл” хэмээх шинэ бүлгийг нэмж оруулжээ. Ингэснээр БНХАУ авилга, гэмт хэрэгтэй үргэлжлүүлэн хатуу тэмцэх бололтой.
Дашрамд дурдахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин саналын хайрцагт өөрийн саналын хуудсыг хийх үед хуралд оролцогчид бүгд алга ташиж, түүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
А.Анхбаяр
Холбоотой мэдээ