top banner

С.Уранчимэг: Иргэдийнхээ саналын дагуу сумандаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ


2018-03-12 14:27:47
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Сумдын удирдлагуудын хийж хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд танилцуулах, сайн туршлагыг нь түгээх зорилгоор Дэлгэр сумын Засаг дарга С.Уранчимэгтэй ярилцав. Өнгөрсөн онд Дэлгэр сумын Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2018 онд  Орон нутаг хөгжүүлэх сан /ОНХС/ болон бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг нь энэхүү ярилцлагандаа онцоллоо. 
 
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. 2017 он Дэлгэр нутгийнханд ээл ивээлээ хэрхэн хайрлав. Өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэн энэхүү ярилцлагаа эхэлье?
-Сайхан хаваржиж байна уу. 2017 онд Дэлгэрчүүд бид амжилт ололтоор арвин сайхан байлаа. Сар шинийн босгон дээр Баянбуурал багийн малчин Т.Алзахгүйбаатар Монгол Улсын аварга малчин, Баянбуурал багийн малчин Г.Лхажив Алтан төлийн эзэн, Гуулин багийн малчин Б.Амарзаяа, Баян-Өндөр багийн малчин С.Хадбаатар нар Аймгийн аварга малчнаар өргөмжлөгдсөн бол Гуулин багийн өндөр настан эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан н.Цэвэлмаа “Алтан гадас” одонгоор шагнуулж хөдөлмөр зүтгэлээ төр засгаар өндрөөр үнэлүүллээ. Мөн олон арван сумын сайн малчин төрөн гарсан олз омгоор дүүрэн жил болж өнгөрлөө.
Өнгөрсөн онд өвөлжилт хүндхэн байсан ч малчин түмэн маань мал сүргээ таван төрөл дээр өсгөн жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 2597, адуу 8125, үхэр 5643, хонь 101377, ямаа 170088 нийт  287930 толгой мал тоолууллаа.
-2017 онд дэвшүүлсэн бодлого зорилтууд хэрхэн биелэв?
-Ажлаа хүлээн аваад Засгийн газар болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн цогц бодлого /2008-2021/ сумын эдийн засаг, нийгмийг 2007-2017 онд хөгжүүлэх дунд хугацааны мастер төлөвлөгөө, ААН байгууллагуудын санал санаачилгад тулгуурлан 5 бодлого, 15 зорилт, 148 заалт бүхий сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Сумын ИТХ-аар өнгөрсөн онд дэвшүүлсэн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцээд 2017 оны сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 85 хувьтай, аймгийн Засаг даргатай байгуулсан Батламжийн биелэлт 92,8 хувьтай, аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний биелэлт 87,5  хувьтай биелснийг олон нийтэд тайлагнаад байна.
-Танай сум мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлдгээрээ онцлогтой. Газар тариалангийн салбараас хэдий хэмжээний ургац хураав. Хэчнээн өрх энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, амьжиргаагаа дээшлүүлж байна. Аймаг, сумын хүнсний ногооны хэдэн хувийг бүрдүүлж байна?
-Манай сум Гуулингийн 1800 га, Дагналтайн 80 га-н тариалангийн талбайн услалтын системтэй мал аж ахуй, газар тариалан хосолсон, 662507 га талбайг хамран оршдог. Гуулин тосгоны өрхүүд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг.
Өнгөрсөн онд 26 иргэн, байгууллага, аж ахуйн нэгж 158,2 га-д тариалалт хийж төмс 2.7 га,  хүнсний ногоо 7.08 га, /манжин 5.9 га, лууван 0.3 га, байцаа 0.6 га, сонгино 0.15 га өргөст хэмх 0.04 га, улаан лооль 0.02 га, чинжүү 0.01 га хүрэн манжин 0.0035 га, тарвас 0.0012 га, хулуу 0.0001 га, олон наст 5 га, эмийн ургамал 131 га, жимс, жимсгэнэ 12,5 га-д тариалалт хийж,  төмс 5,4 тн, манжин 13,1 тн, олон наст 5,0 тн, лууван 230 кг, өргөс хэмх 1100 кг, байцаа 100 кг, улаан лооль 131 кг, чинжүү 101 кг, хүрэн манжин 39 кг, тарвас 30 кг, чацаргана 0,5 тн, бусад 116 кг-г тус тус хурааж нийт 26,0 тн ургац хураан авсан байна. Жил бүр “Дэлгэрийн намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулан газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдын бэлтгэсэн сүү цагаан идээ, хувиараа  хөдөлмөр эрхлэгчдээ дэмжин сурталчлах, бүтээгдэхүүний борлуулалт хийх ажлуудыг зохион байгуулан, тэдэнтэй хамтран ажилладаг.
-Төв сууринд бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөв. Мэдээж аймаг, сумын ОНХС-ийн хөрөнгөөр тодорхой ажлууд биеллээ олсон байх?
-ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг өмнөх онд нь ард иргэдийнхээ санал хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр сумын ИТХ-аар оруулж эрэмбэлэн ээлж дараатай хэрэгжүүлдэг. 2017 онд энэ л жишгийнхээ дагуу сумандаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Тухайлбал: Хог тээврийн  машин, Тайгам тосгоны сургуулийн биеийн тамирын хэрэгслийг сайжруулах, Баян-Өндөр багийн өвсний агуулахын засвар, Тайгам тосгоны Соёлын төвийн дээврийн засвар, Гуулин тосгонд сумын ОНХС-н хөрөнгөөр ундны худгийг 14,0 сая төгрөгийн өртгөөр “Номгон хайрхан Оргил” ХХК хийж гүйцэтгэлээ. “Үнээн-Ус”-ны суурьшлын бүсийн төлөвлөлтийн дагуу “Зуухан шал”-д 15,0 төгрөгөөр худаг гаргуулахаар ХХААГ-т гэрээгээ хийсэн.
Сумын ОНХС-ийн хөрөнгөөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ГХУССЗ/-ийг 1.600.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклиор унаажууллаа. Багийн Засаг дарга нарыг мотоциклиор хангасан. Мөн УИХ-ын гишүүний дэмжлэгээр Баянбуурал багийн их эмч, Баян-Өндөр, Баянхонгор багуудын Засаг дарга нар, Мал эмнэлэг үржлийн төвийн мэргэжилтнүүдэд тус бүр шинэ мотоцикль олгоод байна.
ЭМЯ, ОБЕГ, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тусламжтайгаар “Тайгам” тосгоны ЭМТ-д 30 сая төгрөгийн үнэ бүхий УАЗ фургон, “Гуулин” тосгоны Эрүүл мэндийн төвд 29,736,434 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ-фургон   маркийн авто машинуудыг тус тус нийлүүллээ. 
-Өнгөрсөн оны ОНХС, Сум хөгжүүлэх сан/СХС/-гийн хөрөнгө энэ онд нэмэгдэв үү?
-ОНХС-ийн хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийг бодвол багассан байгаа. Гэхдээ багийн Иргэдийн нийтийн хурал /ИНХ/-аар иргэдээсээ хийх ажлын санал авч эрэмбэлэн орон нутагт нэн түрүүнд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээнд худалдан авах ажиллагааны журмын дагуу зарцуулалт хийхээр төлөвлөсөн байгаа.
СХС-ийн тухайд 2011-2017 онд 410,580,000 төгрөгийн нийт 70 зээлдэгчид олгосон байдаг. 2017 онд 10 зээлдэгчдэд хүү болон зээлийн эргэн төлөлтөөс 62,880,000 төгрөгийн зээл олгосон байна.
-Жил бүр цөөн малтай өрхийг малжуулж аж амьдралд нь бодитой хөрөнгө оруулалтыг хийдэг шүү дээ. Өнгөрсөн жилийн тухайд малжуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Малжуулах ажлын хүрээнд Дэлгэр сумын харьяат улс, аймаг, сумын аварга малчдаас С.Мэндбаяр, Д.Мижиддорж, Т.Пүрвээ, К.Хуягбат, Г.Сүнжидмаа, С.Ёндондүйнчир, Ц.Баяндоо, З.Энхтайван, Б.Баатарсүх, М.Мөнхжаргал,  Д.Төртогтох нарт тус бүр 20 толгой бог малыг олгосон. Харин аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр”-т Баянбуурал багийн иргэн Ц.Мөнхбаатар, Э.Базар, Н.Барзул Гуулин тосгоны Ц.Батбаатар, Д.Сугаржав нарыг тус бүр 3,0-5,0 сая төгрөгөөр малжуулж, УИХ-ын гишүүний багцаас 40 толгой бог малыг Баянбуурал багийн малчин З.Батзориг, О.Нямдаваа, Баян-Өндөр багийн малчин Б.Баттулга, Б.Дамдинсүрэн, Баянсан багийн малчин М.Гал-Эрдэнэ, Баянхонгор багийн малчин П.Мөнхгэрэл нарт олгосон. Нийт 22 өрх малжуулах ажилд хамрагдлаа.
-Танай сумд 2015 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн шинэчлэл” төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээд хэдийнээ гурван жил өнгөрчээ, сумын төв шинэчлэгдэв үү?
-Манай сум нь Баруун Алтай нутгийн үүд хаалга  их хөгжлийн хоймор тал болсноороо онцлог нутаг. Засаг захиргааны нэгжийн хувьд таван багтай, 907 өрх, 3127 хүн амтай. Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн 10 сумтай хиллэдэг. Ер нь олон бүтээн байгуулалтын анхдагч гэж хэлж болно. Манай суманд зам барилга, цахилгаан дулаан, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдэх бүрэн боломжтой. Тиймээс ч Засгийн газрын хөтөлбөрийн дагуу Монгол Улсын 16 суманд хэрэгжих “Сумын төвийн шинэчлэл” төсөлд манай сум сонгогдсон. Төсөлд нийт таван тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Гүйцэтгэгчээр “Мандал Голомт” компани сонгогдон 2014 оны 10 дугаар сард ажлаа эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь одоогоор дорвитой хийгдсэн ажил байхгүй байна. Уг нь энэ төслийн хүрээнд бүх албан байгууллага, айл өрхүүд төвлөрсөн халаалтад холбогдож, сум дотор нэг км хатуу хучилттай зам тавигдан, ногоон байгууламж, тохижилтын ажил, үерийн далан хийгдэхээр байсан. Гэхдээ хамгийн чухал нь бохир усны системийг шийдэж, цэвэрлэх байгууламж барих юм. Ер нь төслийн хүрээнд хийгдэх ажлууд бүгд хийгдчихвэл манай сум дэд бүтцийн хувьд нийслэлээс дутахгүй болох учиртай.
Өнгөрсөн оны тухайд “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын хүрээнд буруу баригдсан 11 дулааны шугамыг стандартын дагуу шинэчилж, цэвэр, бохир усны 2 худгийг шинээр барьж, 500 метрт үерийн даланг цементээр цутгасан. Мөн зуухны барилгын ажил эхлүүлсэн. “Сэрх” болон “Үерт” хорооллын дутуу байсан 0,4 кв шугамуудыг татаж гүйцэтгээд байна.
 
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд