top banner

Сүхбаатар дүүрэгт хоёр сартай 150 хүүхэд хатгалгааны эсрэг вакцинд хамрагдана


2018-03-12 14:40:53
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасагт ажиллав.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 01-нээс 2-9 сартай хүүхдүүдийг уушгины хатгалгаа буюу пневмококкийн эсрэг 13 цент вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Вакцины эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийнэ. Сүхбаатар дүүргийн хувьд 2 сартай 150 хүүхэд байгаа бөгөөд үүнээс 94 хувь нь вакцинд хамрагдсан байна. Харин 4-9 сартай хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 40 хувьтай байгааг тус дүүргийнНэгдсэн эмнэлгийн Дархлаажуулалтын тасгийн удирдлагууд танилцуулав.

Энэ үеэр Д.Сарангэрэл сайд, "Энэ онд 38 мянган хүүхдийг дархлаажуулахад шаардлагатай 110 мянган тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан. Одоогоор 35 мянган тунг хүлээж аваад байна. Вакцины зах зээлийн үнэ нэг тун нь 13-15 ам.доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулсан авснаар үнийг 3.5 ам.доллар хүртэл бууруулж чадсан" гэлээ.

Дэлхий нийтэд жил бүр 0-5 насны 541 мянган хүүхэд уушгины хатгалгааны улмаас нас барж байгаа бөгөөд энэ нь Стрептококк пневмони хэмээх нянгийн  халдвараас үүсдэг байна. Монгол Улсад хийсэн судалгаагаар 12-23 сартай хүүхдийн 61 хувь нь Стрептококк пневмони нянг тээдэг гэсэн дүн гарчээ. Тиймээс нярайг эндэхээс хамгаалах зорилгоор дэлхийн 95 улсад хэрэглэж байна 13 цэнт вакциныг Монгол Улсад нэвтрүүлж буй юм. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхдэд 10-15 жилийн турш уушгины хатгаа өвчний эсрэг дархлаа тогтдаг аж.
Ч.Ариунболд

Монгол брэнд