top banner

3.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ


2018-03-12 18:59:31
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас төрийн байгууллагуудад хийсэн санхүүгийн тайлангийн шалгалтаар 3.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ. Шалгалтын хүрээнд Дорнод аймаг дахь улсын төсвийн 34, орон нутгийн төсвийн 33, тусгай зориулалтын шилжүүлгийн 60, төсөл сангийн дөрөв нийт 131 байгууллагын төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд төлөвлөгөөний дагуу аудит хийсэн байна.
Шалгалтын явцад 730 сая төгрөгийг санхүүгийн тайланд залруулж, 80.2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоон, 690.6 сая төгрөгийн алдаа зөрчилд албан шаардлага өгч, 2.2 тэрбум төгрөгийн зөрчилд зөвлөмж өгч ажилласан байна.
Дүгнэлтээс харахад, 126 байгууллага тайлангаа ирүүлж, Баяндун сумын ИТХ, ЗДТГ, Гурванзагал сумын ИТХ, ЗДТГ зэрэг таван байгууллага хугацаа хоцроосон учир Төрийн аудитын хуулийн дагуу хариуцлага тооцуулах албан тоотыг дээд шатны байгууллагад нь хүргүүлсэн гэж тус аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээллээ.
Дүгнэлтийн төрлөөс хамаараад Төрийн аудитын тухай хуулийн 28.1-т, хязгаарлалтай болон сөрөг санал дүгнэлт авсан бол дээд шатны томилдог албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг албан шаардлагаар хүргүүлдэг бол дээр дурдсанчлан хуулийн хугацаа хоцроосон тохиолдолд хариуцлага тооцох албан тоотыг хүргүүлснээр энэ нь тухайн дээд шатны байгууллагын эрх хэмжээний асуудал болдог байна. Албан шаардлага актын тухайд цаг хугацаанд  нь хэрэгжүүлээгүй бол тухайн дээд шатны албан тушаалтан руу нь ажлаас халах саналыг хүргүүлдэг учир энэ тал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн зөвлөгөө мэдээлэл өгчээ. Санал дүгнэлтийг төрлөөр нь авч үзвэл зөрчилгүй 126, хязгаарлалтай дөрөв, сөрөг санал дүгнэлтийг нэг байгууллага авчээ.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд