top banner

Энэ онд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа


2018-03-12 19:40:25
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Эдийн засаг, нийгмийн асуудал нэг бүрийг аймагтаа зангиддаг бодлогын түвшний ажил, арга хэмжээ бүр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэлтэс албадын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс ч ЗДТГ-ын хамт олон өнгөрсөн жил гаргасан ололт амжилт, алдаа дутагдлаа хамтдаа ярилцаж, энэ оныхоо ажил хөтөлбөрийг хэрхэн сайжруулах талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Тодруулбал, улирагч амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын удирдлага, хамт олон 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийсэн юм. Энэ удаагийн тайлангийн хурлыг М.Өнөржаргал даргатай ТЗУХ- ийн бүрэлдэхүүн Шаргалжуутад нэг өдрийн хөтөлбөртөйгөөр зохион байгуулан, Тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүдийг бүрэлдэхүүнээр нь нь оролцуулснаараа онцлог болжээ.
ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн "Төрийн байгууллагын салбарт мэргэшиж туршлагажсан, ажил үүрэгтээ сэтгэл, зүтгэлтэй ханддаг баг хамт олныхоо хөдөлмөр бүтээмжээр төрийн энэ их ажил саадгүй сайн яваа" гэдгийг онцлон тэмдэглээд тайлангийн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу тайлангийн хурлын эхэнд ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайланг дарга Ц.Дашцэрэн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайланг мэргэжилтэн Д.Сарангарав, Хамтын сангийн зарцуулалтын тайланг нярав З.Мягмардаш, Чанарын зохицуулах багийн 2017 оны тайлангийн талаар ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал нар тус бүр илтгэл мэдээлэл хийсэн ба хөдөлмөрийн дотоод журмын шинэ төслийг хамт олноороо хэлэлцсэн байна.
Түүнээс гадна тайлангийн хуралдаа ахмадын зөвлөх үйлчилгээний багийг урьж оролцуулсан бөгөөд төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг бүхий эрхмүүдээс санал зөвлөмжийг сонсчээ. Мөн үеэр аймгийн удирдлагууд ажилтан мэргэжилтэн нарынхаа санал хүсэлтийг нэг бүрчлэн сонсож, цаашид анхаарах асуудлуудаа төвлөрүүлснээр тайлангаа хурал өндөрлөжээ.
                                                                                                                                      Б.Мөнхзул

 


Монгол брэнд