top banner

Үндэсний бөх сонирхогчдын дунд сургалт явуулж байна


2018-03-13 09:47:10
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үндэсний бөхийн цоллооч засуул, бөхийн тайлбарлагч нэвтрүүлэгч, шүүгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран энэхүү сургалтыг үндэсний бөх сонирхогчдын дунд үнэ төлбөргүйгээр явуулж байгаа юм. Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх уг сургалтанд үндэсний бөх сонирхогч 30 гаруй хүн хамруулж байгаа аж.
Сургалтанд оролцогчдод Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулах бөхийн барилдаанд засуул, нэвтрүүлэгч тайлбарлагч, шүүгчээр ажиллах эрхийн батламж олгох юм. Энэхүү сургалтыг Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбооны урилгаар Монголын Үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын тайлбарлагч, шүүгч Б.Цогтбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын цоллооч засуул Д.Цогзол нар удирдан явуулж байна.
Тус сургалтыг аймагтаа анх удаа зохион байгуулж байгаагаас гадна хөдөө орон нутгийн хүмүүсээ хамруулан оролцуулж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Мөн энэ сургалтаар үндэсний бөхийн холбооны бодлого, зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмүүд болон үндэсний их баяр наадмын хууль,  үндэсний бөхийн барилдааны дүрэм, Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр жаяг дэгийн багийн гишүүд ямар эрх үүрэгтэй байдаг зэрэг бөхийн барилдааны талаарх мэдлэгүүдийг олгох юм. Сургалтын дараа оролцогчдын дунд цоллооч засуул, нэвтрүүлэгч тайлбарлагчын уралдаан тэмцээн зохион байгуулж аймгийн Бөхийн холбооны шагнал олгох ажээ.
Д.Мишигсүрэн


Монгол брэнд