top banner

"Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой


2018-03-13 10:42:52
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улс  “Ноолуур” хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатай  хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. 

Ингэснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолсон байна.

Өнгөрсөн оны байдлаар манай улс 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэжээ. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргасан байна. “Ноолуур” хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж үзэж байна. 

Ноос, ноолуурын   үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн “Хатант интернэйшнл” ХХК нь  2015 оноос ноолуур гүн боловсруулах “Хатант Кашимер” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь өнгөрөгч онд Монгол Улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25 хувийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75 хувийг ашиглаж чадаагүйг  үйлдвэрийн удирдлагууд онцолж байна. Шинээр 100 гаруй хүний ажлын байр  болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд  жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа аж.  Улмаар тус компани энэ онд Итали, Герман, Япон улсад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа  дуулгалаа.

Ноолуурыг чанараар ангилж, ялгавартай үнээр худалдан авах бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, зөвхөн жингээр нь тооцож бэлтгэн угаасан байдлаар нийт ноолуурын 80 гаруй хувь нь экспортод гарч байгаа юм. Ноолуурын бэлтгэлийн үе болох 3, 4-р сард эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байхад нөгөө талаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр үнэ өсгөн худалдан авч, маш бага орлогын албан татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байгааг салбарынхан шүүмжилж байна. Үүний улмаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60 хувийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудалын нэг болоод байсан учраас үүнийг шийдвэрлэх зорилгоор Ноолуур хөтөлбөрийг боловсруулжээ.

Сурталчилгаа
Монгол брэнд